Дэлхийн нийтийг хамарсан эдийн засгийн хямралын үр дагавар манай улсын эдийн засагт ч мөн адил нөлөөлж, оны эхэнд өөдрөгөөр төсөөлж байсан экспортын гол нэрийн бүтээгдэхүүний орлого, түүн дотроо алт, зэс, нүүрсний экспортын орлого оны эцэст нэлээд бууралттай гарч төсвийн алдагдал нэмэгдэн төсвийн байгууллагуудын ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжгүй болсон бодит хүндрэл бэрхшээл үүсээд байна.
Монгол хүн “Амны билгээс ашдын билэг” хэмээн сүсэглэж, тэр ч уламжлалаараа улс орныхоо маргаашийг өөдрөгөөр төсөөлж ирсэн.
· Бид “ХЯМРАЛ” хэмээн дээр дооргүй ярьж, гар хумин суумааргүй байна.
· Бид цамаан, биелэгжүү загнан олсноо үрж, сан хөмрөгөө хоослон, өр тавин улсынхаа эд баялаг, ирээдүйгээ барьцааламгүй байна.
· Бид эв эеийг хичээж эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хамтын хүчээр хохирол багатай гэтлэн давахыг бүх нийтэд уриалж байна.
АЖИЛ ОЛГОГЧ ЭЗЭД, БАЯЛАГ БҮТЭЭГЧ ЭРХЭМ ЗАХИРАЛ ТАНАА
Улс орныхоо хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлт, хөгжлийн төлөө ачааны хүндийг үүрэлцэн ирсэн ажил олгогч эзэд, баялаг бүтээгчид та бүхэнд хандан төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, нийгмийн түншлэлийг эрчимжүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихзорилгоор:
· Эдийн засгийн хүндрэл, иргэдийн бодит худалдан авах чадвар муудсан энэ цаг үед өртөг зардлаа хэмнэн бууруулж өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнээ өсгөхгүй байх замаар борлуулалтын орлогоо тогтмолжуулан өсгөж, эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлэх,
· Хүндрэлийн өнөө үед өөрийн байгууллага дахь ажлын байрыг тогтвортой хадгалах арга хэмжээ авч улмаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр идэвхтэй ажиллах
· Ажилчдынхаа цалин болон түүнтэй адилтгах орлогын хэмжээг өмнөх хэмжээнээс дордуулахгүйгээр олгоход анхаарч, энэ талаар ажилчдынхаа төлөөллийн байгууллагатай зөвшилцөн нийгмийн баталгааг ханган ажиллахад анхаарах
· Аливаа татвараа цаг хугацаанд нь төлж улсын сан хөмрөгийг арвижуулах эрхэм нэр төртэй үүргээ биелүүлж эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдсан олон хүндрэлийг хамтын хүчин чармайлтаар даван туулахад дэмжлэг үзүүлэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллахыг Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооноос уриалж байна.
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ГИШҮҮД, НИЙТ АЖИЛЛАГСДАА
Хөдөлмөрчин хүний эрх ашгийг хамгаалахын төлөө, тэдний цалин орлогыг нэмэгдүүлэхийн төлөө үйлдвэрчний эвлэлийн байр суурь тууштай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, нийгмийн бусад түншүүдээс гаргасан санал, санаачлагыг судлан үзсэний үндсэн дээр
· Нийт иргэд, олон нийтэд хандан эдийн засгийн хүндрэлийн үед үнэ тарифын хөөрөгдлийг зогсоох, цалин орлогын бодит худалдан авах чадварыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг нийгмийн түншлэгч талуудтай бүх шатанд хамтран авч хэрэгжүүлэх
· Өрхийн орлого зарлагаа бодитой тооцон санхүүгийн эрсдэлд орохоос сэрэмжлэх, үргүй зардал, зохист бус хэрэглээг тэвчин хуримтлал бий болгоход чиглэсэн хувь хүн бүрийн хүчин чармайлт нь эдийн засгийн өсөлтийг дэмжсэн хөгжлийн суурь байх болно гэсэн үзэл баримтлалд тууштай нэгдэх
· Цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл зэрэг ажилчдын нийтлэг эрх ашгийг дордуулахгүй байх талаар ажил олгогчийн төлөөлөлтэй зөвшилцөн хамтын гэрээ хэлэлцээрийн үр өгөөжийг дээшлүүлэхийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос уриалж байна.
ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАР, АЙМАГ, НИЙСЛЭЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР БОЛОН ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГА, ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН ЗАХИРЛУУДАА
· Байгууллагын гадаад, дотоод албан томилолт, сургалт, хурал, зөвлөгөөн, эд хогшил худалдаж авах, албан хэрэгцээний авто машины зардал гэх мэт зайлшгүй шаардлагатай бус зарим зарлагыг багасгах, түр хойшлуулах, хэмнэх замаар төсвийн алдагдлыг бууруулахад чиглэсэн тодорхой арга хэмжээ авах
· Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийтийг хамарсан ажил зэрэг ажилгүй иргэдийг богино хугацаанд дэмжих чиглэлээр тодорхой хөтөлбөр, төсөл боловсруулан хэрэгжүүлэх
· Банк, санхүүгийн байгууллагуудад эргэлдэж буй Засгийн газрын тусгай сангуудын чөлөөт үлдэгдлийн менежментийг боловсронгуй болгох, түүгээр дамжин санхүүжих төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг шуурхай хангуулах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжихэд нөөц бололцоогоо дайчлах, санхүүгийн сахилгыг бүх шатанд эрчимжүүлэх
· Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх аливаа худалдан авалт, үйлчилгээг хэрэгжүүлэхдээ тэргүүн ээлжинд үндэсний бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэгч, дотоодын ажил олгогч нараа дэмжихийг Нийгмийн түншлэлийн Засгийн газрын төлөөллийн хувиар Хөдөлмөрийн сайдын нэрийн өмнөөс уриалж байна.
Засгийн газрыг Монголын үйлдвэрчний Ажил олгогч эздийн
төлөөлж эвлэлийн холбоог төлөөлж нэгдсэн холбоог төлөөлж
Г.Баярсайхан Х.Амгаланбаатар Х.Ганбаатар
ХНЗГТҮХ-ны дарга, МҮЭХ-ны МАОЭНХ-ны дэд
Хөдөлмөрийн сайд ерөнхийлөгч ерөнхийлөгч