ДАШТ-ий дараа зохион байгуулагдаж буй Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны албан ёсны эхний тэмцээн болох Ташкентийн Гран-при өчигдөр эхэллээ. Тэмцээнд дэлхийн 58 орны эрэгтэй 216, эмэгтэй 167, нийт 382 жүдоч хүч үзэж байгаа бол Монголын арван жүдоч тэдний дунд багтаж байна.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Д.Амартүвшин, 66 кг-д Д.Алтансүх, М.Ганболд, 73 кг-д Н.Хадбаатар, 81 кг-д Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар, +100 кг-д Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, +78 кг-д О.Жавзмаа нар өрсөлдөнө.
Өчигдөр буюу тэмцээний эхний өдөр манай хоёр тамирчин медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д өрсөлдсөн Дэлхийн аварга М.Уранцэцэг жиндээ тэргүүлэв. Тэрбээр жингийн бөхчүүдээ тэргүүлэн барилдаж, эхний тойрогтоо гоц мөргөсөн бол хоёрдугаар тойрогт Хятадын бөх Чие Ши Шиг торгуулиар ялжээ. Улмаар хэсгийн аваргын төлөө ОХУ-ын бөх ОХУ-ын Кристина Румянцеваг юүко үнэлгээгээр ялж, хагас шигшээд шалгарсан. Мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Казахстаны нэр дээр барилдах болсон Г.Отгонцэцэгтэй таарч, торгуулиар ялав. Ингээд алтан медалийн төлөө БНСУ-ын бөх Жон Бокёонг вазари үнэлгээгээр ялж, Ташкентийн Гранприд түрүүллээ.
Харин Ташкентийн Гранпри тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-д зодоглосон ОУХМ Д.Алтансүх “С” хэсгийг тэргүүлэн барилдаж, эхний тойрогтоо гоц мөргөн, улмаар Унгарын бөх Замбориг юүко үнэлгээгээр ялав. Манай бөх хэсгийн аваргын төлөө Слованийн Жомбок Адрианыг торгуулиар ялсан бол хагас шигшээд Японы Абе Хифүмид ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм. Энэ барилдаанд тэрбээр Гүржийн бөх Маргвелашвилиг хоёр минутад цэвэр ялснаар хүрэл медаль хүртлээ.
Б.ЭНХ
Эх сурвалж: news.mn