Томчуудын тоглоом хатуу гэдэг. Гэхдээ улс төрчдийн тоглоом бүр ч хатуу бололтой. Учир нь тэдний тоглоомын бай нь ард түмэн байдаг. Байн байн засгаа солих, Засгийн газрын яам агентлагийн тоог нэг сайд нь гарч ирээд дураараа өөрчилдөг байдлыг хараад Монголын төр “улс төрчдийн тоглоом” боллоо гэхээс өөр юу гэж хэлэх вэ?
Энэ бүхнээс урьдаас ухаж мэдсэн өвөг дээдэс маань эртнээс “төрөөр тоглохыг” цээрлэж, “Төр тогтуун, түмэн олон амгалан байг”, “Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй” гэж үр хойч бидэндээ захиж сургаж ирсэн нь цаанаа учиртай бизээ.
УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг үхэн хатан эсэргүүцэж байсан гишүүд өөсрдөө сайд болж “давхар дээл” өмсдөг жишгийг харахад томчуудын тоглоом “барьцгүй” гэдгийг ойлгож болох. Дээр нь нэгэн цагт нам дах бүлэг фракцидаа тааруулж яамдыг бий болгож 3 жил ажиллачихаад сүүлийн 1 жилд гэнэтхэн ухаарсан аятай яамдын тоог цөөрүүлж, зардлаа хэмнэнэ ч гэх шийдвэрийг аанай л улстөрчид гаргана.
2012 оны сонгуулийн дараа байгуулагдсан Н.Алтанхуягийн Засгийн газар “Шинэ баян цээж өвчтэйн” үлгэрээр 17 яам байгуулан ажиллаж байсан бол өдгөө Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 15 яамтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Сангийн сайдаар шинээр томилогдсон УИХ-ын гишүүн Б.Болор төсвийн ардал хэмнэх нэрээр яамдын тоог цөөлж нэгтгэн 9 болгох, дэд сайдуудын орон тоог хасах, цаашлаад засгийн газрын агентлагуудыг татан буулгах, нэгтгэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлжээ.
Үүнтэй холбогдуулан хэдэн зүйлийг хэлье.
Юуны өмнө Б.Болор гишүүн өнгөрсөн 3 жилд УИХ-д суусан боловч “хэлгүй” гишүүдийн тоонд орж байсан гэдгийг бид мартах учиргүй. Энэ хүнийг гэнэтхэн сайд болоход ийм гишүүн УИХ-д байсан юмуу гэж асуух хүмүүс олон байсан гэдэг. Дуу шуугаар маруухан, хэл яриа багатай гишүүн маань сайд болонгуутаа “эдийн засагч хүний хувьд” гэж ирээд л “хэлд орох” боллоо. Хэл ороод зогсохгүй “хөлд орж”, сонгууль болоход 1 жил хүрэхтэй үгүйтэй хугацаанд Засгийг “самарч” эхлэлээ.
Тэртээх 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарлан, Богд хаанаа ширээнээ залж байсан цаг үе, 1921 онд Ерөнхий сайд Бодоогийн тэргүүлсэн анхны ардчилсан засгийн үед улс оронд маань хөрөнгө төсөв байхгүй байсан ч дэд сайдууд ажиллаж байсан гэдгийг бид санахад илүүдэхгүй биз.
За яах вэ төсөв хэмнэх, зардал танах Засгийн бодлогыг дэмжие гэхэд хаа хамаагүй салбаруудыг нэгтгэн яам, агентлаг бий болгох нь ёстой нөгөө “нуухийг нь авах гээд нүдийг нь сохлохын” үлгэр болох буй за.
Ийнхүү шинэ Сангийн сайд маань төсөв хэмнэх нэрийн дор төрийг самарч эхлэв бололтой. Хэн дуртай нэг нь яам агентлагийг хүссэн үедээ байгуулж, хүсээгүй үедээ татан буулгадаг энэ “балай” тогтолцоо хэзээ нэг арилан, төр засаг тогтворжиж, түмэн олон амгалан болох юм бол доо.
Ц.Мөнх