Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг мод тарих үндэсний өдөр болгосон билээ. Уг зарлигийн дагуу өнөөдөр орон даяар иргэд, аж ахуйн нэгжүүд мод тарих хөдөлгөөн өрнүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Тасганы овооны бичил цэцэрлэгт хүрээлэнд мод тарив. “Улаанбаатар-Цэвэр Агаар” төслийн хүрээнд уг бичил цэцэрлэгт хүрээлэнг байгуулж тохижуулан саяхан нээлтийг нь хийсэн юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бичил хүрээлэнгийн төв хэсэгт найман настай гацуур моддыг суулгалаа. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн мод үржүүлэх газарт эдгээр моддын суулгацыг бэлтгэсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “2010 онд Үндэсний мод тарих өдөртэй болох тухай зарлиг гаргасан. Түүнээс хойш улсын хэмжээнд нийт 8,8 сая мод тарьсан гэсэн дүн гарсан. Түүнээс бүрэн ургасан нь 5,6 сая мод байна. Нийт тарьсан модны 70 хувь нь ургажээ. Энэ бол гайгүй үзүүлэлт.
Жилээс жилд иргэд, аж ахуйн нэгжүүд, олон нийтийн байгууллагууд, хүүхэд, залуус мод тарих ажилд идэвхтэй оролцдог боллоо. Энэ их зөв юм. Нийслэлд төдийгүй аймгийн төв, сумд, хүн олноор суурьшсан газар бүрт ногоон байгууламж байгуулах зорилт тавиад ажиллацгааж байна. Ажил гайгүй сайн явж байгаа. Нийслэлээс орон нутгийг чиглэсэн замуудын дагуу мод тарьж байгаа. Бас нутгийн урд хэсгээр, говьд модтой болох “Ногоон хэрэм” төсөл хэрэгжиж байна.
Мод тарихдаа саваа биш үндэс тарих хэрэгтэй. Олон үндсээр газартайгаа холбогдвол мод сайн ургадаг. Мөн яг Монголдоо ургуулсан суулгацыг тарьж байх хэрэгтэй. Гаднаас оруулж ирсэн суулгац тэр бүр ургадаггүй. Мод тарих гэдэг бол асар их хөдөлмөр байдаг. Сая би найман жил ургуулсан суулгац тарилаа. Мод нэг жилд ганц төө л ургадаг. Түүнийг жилийн дөрвөн улиралд өдөр бүр арчилна гэдэг зарим талаар хүүхэд арчлахаас ч хэцүү байдаг” гэлээ.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цэвэр агаар төслөөс утаагүй зуух нэвтрүүлж иргэд ч үүнийг сайн дэмжсэнээр нийслэлийн хойд хэсэг буюу гэр хороолол суурьшсан хэсгийн агаар цэвэр тунгалаг болсон байхад цахилгаан станцуудын утаа, авто машины утаанаас үүдэн нийслэлийн төв, өмнөд хэсэг битүү утаа униар татсан байгааг Тасганы овоон дээрээс сэтгүүлчдэд харуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамт олон өнөөдөр мөн Тасганы овооны бичил цэцэрлэгт хүрээлэнд гацуур мод тарьцгаав.