Чихэрлэг хийжүүлсэн ундаанууд бөөрөнд чулуу үүсэх магадлалыг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг байна. Харин кофе, цай, шар айраг, дарс болон амтат жүржийн шүүс уувал эсрэгээрээ энэ аюул буурдаг аж. Ялангуяа илүү үр дүнг шар айраг үзүүлдэг юм. АНУ-ын Бостон хотын нэгэн томоохон эмнэлгийн эмч нарын явуулсан өргөн далайцтай судалгааны ажлын дүн гартал шар айраг тогтмол хэрэглэж байсан хүмүүсийн бөөр хамгийн бага чулуужсан нь тогтоогджээ. Шар айраг уудаг хүмүүсийн бөөр чулуужих явдал хоёр дахин бага байдаг гэнэ. Эрдэмтэд 200 мянга орчим хүний өвчний түүхэд дүн шинжилгээ хийсэн байна. Найман жилийн хугацаанд тэдний 4.5 мянган хүн нь бөөрөндөө чулуутай болсон аж.
Судлаачид эдгээр хүмүүсийг ямар ундаа хэрэглэж байснаар нь бүлэгт хуваажээ. Тэгтэл кока кола ундааг тогтмол хэрэглэж байсан хүмүүс бөөрний чулуутай болох магадлал 23 хувиар их байсан гэнэ. Бусад төрлийн хийжүүлсэн ундааг уувал энэ магадлал 33 хувь өсч, жимсний шүүс уувал 18 хувиар нэмэгддэг нь тогтоогдсон байна. Харин кофе уудаг хүмүүс бөөр нь чулуужих магадлал 26 хувиар бага, цай уудаг хүмүүсийнх 11 хувь, дарс хүртдэг хүмүүсийнх 33 хувь, харин шар айраг гүзээлдэг хүмүүсийнх 41 хувиар бага байсан аж.