Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, С.Одонтуяа, Д.Сарангэрэл, А.Тлейхан, Д.Тэрбишдагва нар Хавдар судлалын үндэсний төвийн ажил байдалтай нь танилцаж, тулгамдаад буй асуудлуудын талаар удирдлагуудтай нь ярилцав. Хавдар судлалын үндэсний төв нь хорт хавдрыг хянах бодлогын асуудлыг улсын хэмжээнд хариуцан, орон нутгийн эмнэлгүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг улсдаа тэргүүлэх эмнэлэг юм.
Түүнчлэн хавдрын эмчилгээ, оношлогооноос гадна туяа, хими, хөнгөвчлөх эмчилгээ зэрэг III зэрэглэлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлдэг аж.
Тэр дундаа элэг, ходоод, улаан хоолой зэрэг хоол боловсруулах замын хорт хавдар болон уушигны хорт хавдар нийт өвчтөнүүдийн 75 хувийг эзэлдэг байна.
Монгол Улсад элэгний хорт хавдар 100,000 хүн тутамд 61 тохиолдол байгаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд 1, 100,000 хүн тутамд ногдох ходоодны хорт хавдрын өвчлөлөөрөө 2-т бичигддэг гэнэ. Монголчуудын хувьд ихэнхдээ хорт хавдрын хожуу шатанд оношлогоо хийлгэдэг болохыг ХСҮТ-ийн захирал Л.Төмөрбаатар танилцуулсан.
Олон улсын Хавдрын бүртгэлийн байгууллага ойрын ирээдүйд Монгол Улсад хавдрын өвчлөл буурахгүй, 2025 он гэхэд жилд 6,300-7,500 хүн шинээр оношлогдоно гэсэн тооцоолол гаргасанбайна. Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын нийт төсөв 5.597.4 сая төгрөг бөгөөд үүнээс 2.955.4 сая төгрөгийн санхүүжилт бүхий ажил гүйцэтгээд байгаа аж.
2015 онд 1.088.0 сая болон 2016 онд төсөвлөгдөх 1.554.0 сая төгрөгийн санхүүжилтийг төсөвт тусгах асуудалд анхаарал хандуулан, шийдвэрлүүлэх хүсэлтийг УИХ-ын гишүүдэд танилцуулсан. ХСҮТ-ийн өргөтгөл нь зоорийн давхар болон эмчилгээ, үйлчилгээний зориулалттай нийт дөрвөн давхар 5200 м2 талбайтай барилга аж.
Монгол Улсын иргэдэд эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа ХСҮТ-ийн барилгын өргөтгөлийн ажлыг УИХ дэмжинэ.
Өнөөдөр тус төвийн удирдлагын зүгээс танилцуулсан зарим нэг асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллана, тодорхой шийдэлд хүрэх боломжтой. Харин барилгын ажлыг хийж буй компани гүйцэтгэлээ бүрэн ханган ажиллаж байгаа тохиолдолд улсын төсвийг хэлэлцэх үеэр ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болохыг Улсын Их Хурлын гишүүд тайлбарласнаар энэ өдрийн уулзалт ярилцлага өндөрлөсөн юм.
эх сурвалж:өдрийн сонин