Шүүх аливаа хэрэг маргааныг төвийг сахиж, шударга, алагчлахгүй эцэслэн хянан шийдвэрлэх үүргийг гүйцэтгэдэг ардчилсан төрийн бие даасан нэг эрх мэдэл билээ.
Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүгчийн эдийн засгийн бие даасан, хараат бус байдлыг төр бүрэн хариуцаж, хүрэлцээтэй хангалттай цалин хангамж олгох замаар шүүхийн болон шүүгчийн хараат бус байдлыг хангах үүрэгтэй байдаг.
Шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулах нэг суурь нөхцөл бол шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг хангах явдал юм.
Тийм ч учраас Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 3-т “Шүүх улсын төсвөөс санхүүжинэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэж хуульчилж өгсөн байна.
Шүүгч нарын эрхэлж байгаа ажлын ачаалал өндөр, өөр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрх хуулиар хязгаарлагддаг тул амьдралын бүх хэрэгцээгээ зөвхөн албан тушаалын цалингаасаа хангаж байдаг.
Гэтэл Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль”-ийн төслийг боловсруулан Монгол Улсын Их Хуралд өргөн барьсан төсөлд “шүүгчдийн цалингийн санг 35 хувиар тус тус бууруулахаар тооцож, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг зэрэгцүүлэн өргөн барьжээ.
Уг хуулийн төсөл нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Энэ хууль болон бусад хуулиар тогтоосон шүүгчийн эрх зүй, эдийн засаг, нийгмийн хамгаалалт зэрэг хараат бус, халдашгүй байдлын баталгааг ямар нэг хэлбэрээр дордуулсан хууль тогтоомж, захиргааны акт гаргахыг хориглоно.”, 23 дугаар зүйлийн 23.5-д “Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй”, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Шүүхийн үйл ажиллагааны төсвийг өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн, шүүхийн болон шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх үр дагавар үүсгэх нөхцлийг бүрдүүлж байна.
Улсын Их Хурал хууль тогтоохдоо Үндсэн хуулиа ягштал баримтлах нь эрх зүйт төрийн эрхэм шинж бөгөөд энэхүү Үндсэн хууль дээдлэх үзлийг баримтлан Улсын Их Хурал болон Засгийн газраас төрийн бодлогын түвшинд зохих шийдвэр гарган хэрэгжүүлбэл ардчиллын үнэт зүйлс болох шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.
Иймд Улсын Их Хурлын Эрхэм гишүүд Та бүхнийг хууль зүйн болон ёс зүйн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, Монгол Улсын Үндсэн Хуулийн заалтад харшилсан, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан хуулийн төслийг хэлэлцэхгүй, батлахгүй гэдэгт гүнээ итгэж байна.
МОНГОЛЫН ШҮҮГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙНХОЛБОО