Дэлхийн олон оронд сүлжээ дэлгүүртэй түргэн хоолны газрууд сүүлийн үед хэл амнаас салахгүй байгаа. Учир нь хурдан шуурхай гээд байсан түргэн хоол нь хүний биед хортой болох нь илэрсэн явдал юм. Барууны орнуудад түргэн хоолыг хэт таргалалтын гол буруутан хэмээн аль хэдийн татгалзаж эхэлсэн. АНУ-д сүүлийн 30 жилийн хугацаанд хүн амын дунд хэт таргалалт газар авснаас зүрх судас, хавдарын өвчлөл ихэсч байна хэмээн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн нь мэдэгдээд байгаа. Тиймээс хүний биед ороод задардаггүй хуурсан шарсан төмс, бэлэн хавчуурган талх, хагас боловсруулсан түргэн хоолноос аль болох татгалзахыг ард иргэддээ уриалаад байгаа.
Тэгвэл энэ байдал манай улсад эсрэгээрээ эргэж дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байна хэмээн өөрсдийгөө хөөрөгдөн дэлхийн томоохон түргэн хоолны сүлжээ ресторануудыг ээлж дараалан оруулж ирж байна. Хамгийн сүүлд гэхэд ердөө хэдхэн хоногийн өмнө алдарт “Burger King”-ийн салбар Улаанбаатар хотод нээлтээ хийлээ. Нээлтэд манай улсын нэр алдар бүхий нэлээд хэлэн хүн очсон харагдана билээ. Тэр дундаа эх орноо төлөөлөн дэлхийн миссийн тэмцээнд оролцож байсан Т.Батцэцэг хүртэл очиж, Бургер кинг-ийг сурталчилаад авсан юм. Үүнийг харсан иргэд түргэн хоол иддэг мисс үзээгүй юм байна хэмээн хошигноод авна лээ.
Гэхдээ энэ удаагийн “Burger king”-ийн нээлт хэдэн жилийн өмнө нээгдэж байсан “KFC”-гийн нээлт шиг дуулиан тарьсангүй. Тухайн үед иргэд хэдэн цаг урт дараалалд зогсон үйлчлүүлж байсан юм. Тэгвэл яагаад дурлаад байсан түргэн хоолных нь дахин нэг сүлжээ нээгдэж байхад ач холбогдол өгөөгүй вэ гэдэг ч бас учиртай. Нэгдүгээрт түргэн хоол өөрөө эрүүл мэндэд маш хортой. Хоёрдугаарт гадны оронд бол түргэн хоол нь дундаж давхрагынханд зориулагдсан боломжийн үнэтэй байдаг. Гэтэл манайд иргэдийн амьжиргааны түвшинтэй уялдахгүй өндөр үнээр худалдаалагддаг. Эдгээр учир шалтгаанаас болоод иргэд түргэн хоолын сүлжээ ресторануудыг зорих нь багасаад байгаа юм.
Ийнхүү гадаадын улс оронд хамгийн хямдхан хоолыг Монголд түргэн гоё амттай хэмээн өндөр үнээр зарж хүмүүсийн эрүүл мэн¬дээр тоглож, хөлжиж байгааг анзаарах эрүүл мэндийн байгууллага байна уу. Яах вэ үйл ажиллагаанд хяналт тавих ёстой мэргэжлийн байгууллага ажиллаж байгаа ч хүн амын дунд нэмэгдсээр байгаа хэт таргалалт өвчтэй хожим яаж ЭМЯ тэмцэх юм бол. Хэдэн жилийн дараа гэхэд иргэд нь хэт таргалсанаас зүрх судасны өвчлөл нэмэгдэн бас л нэг шийдэхэд төвөгтэй асуудал нэмэгдэх юм биш байгаа.
olloo.mn