Өнгөрсөн 4-р сарын 15-аас мөрдөгдөж эхэлсэн Шүүхийн шинэтгэлийн тухай багц хуулийн дагуу шүүгчдийнхээ цалинг Шүүхийн Ерөнхий зөвлөл өөрөө төсөвлөн тогтоохоор болсон байна. Энэ дагуу шүүгчдийн цалинг 3,8-4,5 сая төгрөг болгохоор хэлэлцэж байгаа аж.
Монгол улсын хэмжээнд нийт 400 гаруй шүүгч байдаг бөгөөд эдгээрийн 70 хувь нь анхан шатны шүүгч, үлдсэн нь давж заалдах, хяналтын шатны шүүгч нар байдаг байна. Нийт шүүгчдийн нийгмийн байдлын талаар судлагаа явуулахад тэдний талаас илүү буюу 60 орчим хувь нь орон сууцны зээлтэй, нийт давхардсан тоогоор 550 гаруй жижиг зээлтэй байдаг болох нь тогтоогджээ.
Хамгийн чухал албадуудын нэгэнд ажиллаж, иргэдийн хувь заяатай холбоотой шийдвэр гаргадаг шүүгчид нь өөрсдөө тарчигхан амьдарч байгаа нь эргээд аливаа маргааныг үнэн зөв шийдвэрлэх, худалдагдахгүй байхад сөргөөр нөлөөлж байгаа аж. Тиймээс шүүгчдийн эдийн засгийн байдлыг чөлөөлж өгснөөр авилгаас ангид, хариуцлагатай шүүх тогтолцоо бүрдэхэд хамгийн гол хөшүүрэг болох юм байна.
Гадаадын улс орнуудад шүүгчдийн цалин нь дундаж цалингийн хэмжээнээс 6 дахин их байдаг бол манай оронд нэг дахин ч их биш байгаа аж. Мөн улсын хэмжээн дэх нийт шүүгчдийн 70 хувийг эзлэж буй анхан шатны шүүгчдийн цалин хамгийн бага байдаг гэнэ. Тиймээс одоо мөрдөгдөж байгаа энэ буруу тогтолцоог эсрэгээр нь эргүүлж, анхан шатны шүүхийн шүүгчдийн цалинг дорвитой нэмэгдүүлэн, анхан шатны шүүхэд хамгийн шилдэг, сайн шүүгчид ажилладаг болгох юм байна.
Л.Бадрах