З.Цэгмид: 20-50 насны эрчүүд дунд бэлгийн сулрал, түрүү булчирхайн үрэвсэл элбэг байна

Айл гэрийн ноён нуруу болсон эрчүүдийг эрүүл жаргалтай байлгахын төлөө зүтгэж яваа энэ эрхэм Монголд анх удаа эрчүүдийн эмнэлгийг байгуулж байсан нэгэн. Өдгөө 10 гаруй жил энэ чиглэлээр ажиллаж яваа туршлагатай эмч юм. “Гарьд манлай” эмнэлгийн ерөнхий эмч, профессор З.Цэгмидтэй ярилцсанаа хүргэе.

10-22-6_700x7001
–Таныг олон жил эрчүүдийн эрүүл мэндийн төлөө ажиллаж явааг олон хүн мэднэ. Харин та аль аймгийн хүн бэ, ямар мэргэжилтэй вэ?

-Би Завхан аймгийн Сонгино сумынх. Эгэл малчны хүүхэд, аравдугаар ангиа төгсөөд 1988 онд Анагаах ухааны их сургуулийн Цэргийн эмчилгээний ангийг дүүргэсэн. Тэр үеийн Анагаахын их сургуулийн сургалт ч сайн байлаа, ихэнх эрдэмтэн багш нар нь бүгд тэр үеийн Зөвлөлт холбоот улсад сургууль төгссөн. Мэргэжил дээшлүүлсэн орос хэлээр хичээлээ заадаг байв. Бид Монгол Улсын гавъяат багш Долгорын удирлаган дор мэс заслын болон дадлагын заалгадаг байлаа.

–Сургуулиа төгсөөд үргэлжлүүлээд суралцав уу, ажиллав уу. Хаана ажиллаж байв?

-Цэргийн эмчилгээний ангийг дүүргээд эмч нарын дипломын дараах сургалтад хамрагдсан. Одоогоор бол эмч нарын мэргэжил дээшлүүлэх мэс засалчийн институт юм. Тэгээд дараа нь Налайхын 265, 137 дугаар ангид чих, хамар, хоолойн эмчээр ажилласан. Дараа нь 1989 онд мэс заслын курс төгсөөд Эрдэнэт хотын Лазеритэд, Улаанбаатар хотын түргэн тусламжийн төвд ажилласан. Тэгээд дараа нь “Гарьдманлай” хувийн эмнэлгээ байгуулсан.

–Эрэгтэйчүүдийн эмнэлэг анх байгуулагдахад манай эрчүүд хэр үзүүлж байв. Үйлчлүүлэгч олонтой байв уу?

– Тэр үед бас бизнес эрхэлж байлаа. Тийм болохоор хотын төв 50 мянгатад хоёр өрөө байр аваад, эмчилгээ үйлчилгээ явуулах бүх эрүүл ахуйн шаардлагыг хангаад лаборант, сувилагч, эмч, үйлчлэгч гээд тавуулаа ажиллаж эхэлсэн. Сэтгэл гаргаагүй юм бүхэн өөрт шингэц, наалдац байдаггүй гэдэг шүү дээ. Тийм болохоор эрдэнэт хүнд үзүүлдэг эмчилгээ үйлчилгээ бол бизнес биш. Энэрэнгүй нигүүлсэнгүй үйлс байх учиртай. Эрүүл энхийг тэр хүнд өгсөнтэй дүйцэх мөнгө төгрөгийг л авах нь шударга байдаг гэж бодож, сэтгэж эмчилгээ үйлчилгээг ганцаараа өглөө 08:00-20:00 цаг хүртэл хийдэг байв. Эрчүүд их үзүүлнэ, сэтгүүлч сурвалжлагчид их ирнэ. Анхны эрэгтэйчүүдийн эмнэлэг учраас хүмүүсийн сонирхол хийгээд эмчлүүлэх шаардлага ч их байдаг байлаа. Би анхны эмнэлгээ ч, Гандангийн дэнж дээр байгуулсан 50 ортой эмнэлгээ ч өөрийнхөө хөрөнгөөр, жинхэнэ ариун цагаан хөдөлмөрийнхөө үрээр байгуулсан. Хүн өөрийнхөө оюун ухааныг дайчлаад, олон түмэнд сэтгэлээсээ үйлчилснээр амжилтанд хүрч болдог гэдгийг харуулах гэж хичээж явдаг юм. Бид ямар ч хүний бичиг баримтыг үздэггүй. Зөвхөн өвчний оношийг нь үзээд эмчлэн эдгэрүүлэхийн төлөө ажилласаар өнөөдрийг хүрч байна. Ингэж 10 гаруй жил ажиллахад өвөө эмээ нь, тэдний үр хүүхдүүд, байгууллага хамт олон гээд үйлчлүүлэгчдийн хүрээ тэлж, биднийг тойрон хүрээлэгчид олширдог юм байна. Энэ бол хүнд чин сэтгэлээсээ үйлчилсэний ач тус. Өнөөдөр манай эмнэлэгт хоёр эмнэлгийн 50 орчим эмч мэргэжилтэн, мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллаж байна.

–Өнөөдөр ч гэсэн танай эмнэлэг үйлчлүүлэгч олонтой байна. Ер нь эрчүүдэд ямар өвчлөл зонхилон тохиолдож байна вэ. Ялангуяа сүүлийн үед эрчүүдийн санааг зовоож байгаа өвчлөл юу байна?

-Эрчүүдийн хувьд нүд, уушги, чих, өвдөхөөс гадна даралт ихсэх гээд зонхилох өвчлөлүүд байна. Мөн нөхөн үржихүйтэй холбоотой гол өвчнүүд байна. Жишээлбэл, түрүү булчирхайн өвчнүүд, үргүйдлийн шалтгаанууд, шээс хаагдалт, төмсөгний хавдар, үрэвслүүд зэрэг нөхөн үржихүй, бэлгийн үйл ажиллагаатай холбоотой өвчлөлүүд зонхилдог.

–Эрчүүдийн зарим нь эмнэлэгт хандахаасаа цааргалдаг. Хэнэггүй байдлаасаа болж өвчнөө даамжруулах тохиолдол хэр байна. Мөн анхааруулж хэлэх зүйл юу байна вэ?

-Эрчүүдийн хувьд эрүүл мэнддээ хайнга хандах асуудал байна. Бэлгийн замын өвчин авчихаад түүнийгээ нуух, эмийн сангаас дур мэдэн эм, тариа авч хэрэглэх, нэг нэгнээсээ асууж хар бор арга хэрэглэдэг. Эсвэл нуруу нь суулт өгөөд хөл нь мэдээгүй болсон хойноо эмнэлэгт ханддаг тохиолдлууд байна. Нурууны суулт болон мэдрэлийн гаралтай өвчлөлүүдэд эхлээд шинж тэмдэг нь нэлээд тод мэдрэгддэг. Эмэгтэйчүүд өвдсөн даруйдаа ханддаг бол эрчүүд нэлээд даамжирсан буюу өвчнийхөө хожуу шатанд эмнэлэгт ханддаг. Тиймээс эрчүүдэд хандаад хэлэхэд аливаа өвчлөлийг эхний шатанд буюу эртхэн ирж үзүүлбэл үр дүн сайтай байдаг юм шүү гэдгийг онцгойлон захиж хэлмээр байна. Мөн эмийн зохисгүй хэрэглээ түрүү булчирхайн үрэвсэлд нөлөөлдөг гэдгийг анхаарах хэрэгтэй.

–Танай эмнэлэг эрүүл мэндийн даатгалын дэвтрээр үйлчилдэг гэж сонссон. Мөн эмэгтэйчүүдэд бас эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Манайх эрэгтэйчүү­дэд үйлчлэх зориулалттай эмнэлэг. Гэхдээ бас эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Эрүүл мэндийн даатгалтай хүмүүст үйлчлэх зорилготой 30 ортой. Эрүүл мэндийн даатгалаас санхүүжинэ. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай бэлэг эрхтэн болон урагтай холбоотой эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдэд ЭХО аппаратаар үйлчилдэг. Ургийн байдлыг эрт оношлодог. Утаа, дуу чимээ ихтэй, нийгмийн бухимдал ихтэй энэ үед төрөлхийн эмгэгтэй ураг төрөхөөс урьдчилан сэргийлдэг. Эрэгтэйчүүдийн хувьд дур хурдан тавилт гэж өвчин байдаг. Энэ өвчин олон гэр бүлд бэрхшээл учруулдаг. Энэ өвчнийг дэлхий нийтээрээ мэс заслын аргаар эмчилдэг. Тиймээс Солонгос улсын эмч мэргэжилтнүүдийг манай эмч нар дагалдан сурч уг өвчнийг мэс ажилбараар эмчилдэг болсон. Мөн бэлэг эрхтнийг томруулах үйлчилгээг анагаах ухааны төвшинд хийж байна. Эрчүүд ахуйн, вазелин хэрэглэх, геле шахах зэрэг арга хэргэлдэг. Энэ бол эрүүл мэндэд муу, эрсдэл өндөртэй буруу арга юм.

–Танайд хөдөө орон нутгаас хүмүүс ирж хэвтэн эмчлүүлдэг. Мөн өрх, дүүргийн эмнэлэгт эрчүүдэд зориулсан нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ байдаггүй учраас танайд хандах хос олон байдаг гэж байсан. Тэд гол төлөв ямар шалтгаанаар хандаж байна?

-Сүүлийн үед ирж байгаа хүмүүсийг ажиглаж байхад 20-иос дээш насны залуучууд нэлээд эмчилгээ хийлгэж байна. Харин дараагаар нь 40-өөс дээш насныхан үзүүлж байна. Үзүүлж байгаа залуусын дунд дийлэнх нь БЗХӨ тэр дундаа тэмбүү, заг хүйтэн, зонхилж байна. Харин ахимаг насны эрчүүдийн дунд түрүү булчирхайн үрэвсэл нэлээд байна. Мөн сүүлийн үед 20-50 насны эрчүүдийн дунд бэлгийн сулрал, түрүү булчирхайн үрэвсэл элбэг тохиолдож байна. Түрүү булчирхай бол эрэгтэй хүний нөхөн үржихүйн гол эрхтэн. Төмсөгнөөс эр бэлгийн эс үүсээд түрүү булчирхайнд хадгалагдаж байдаг. Хэрэгтэй үед тэнд хадгалагдсан эр бэлгийн эс шээсний сүвээр цацагддаг онцгой үүрэгтэй. Ийм учраас түрүү булчирхай анатомын хувьд маш их өвчлөмтгий байдалд оршдог. Давсагны гарах хэлбэр дээр шээсний сүвийг наймын тоо шиг ороож түрүү булчирхай байрладаг. Гэтэл ханиад хүрэх, хатгаа авах, бөөр өвдөнө гэх мэт өвчнөөр өвдөхөд шээсээр бактер ялгарч түрүү булчирхай үрэвсдэг. Нэгдүгээрт, бэлгийн замын өвчин, мөн үрэвсэлт болон бактерийн гаралтай өвчнөөс үүснэ. Хоёрдугаарт, сэтгэл санааны хямрал болоод хөгшрөлтөөс хамаарч түрүү булчирхай томорно. Ингээд томроод ирэхээр шөнө шээгээд эхэлнэ. Шээс тасалдаж гарах, дүлж шээх шаардлагатай болох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Тиймээс түрүү булчирхайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, дээрх шинж тэмдэг илэрвэл даруй эмчлүүлэх хэрэгтэй. Манайд түрүү булчирхайн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмж, эм тариа бүгд бий. Бид тухайн хүнийг үзээд оношоо тодруулсны дараа эм болон тариагаар эмчлэх аргаа сонгодог. Мөн эрчүүдийг насны ангиллаар нь эмчилнэ. Бэлэг эрхтний хөвчрөлтийн алдагдалд уудаг дэлхийн шилдэг эмүүд манай эмнэлэгт бий. Энэ талаар дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл 99223333, 99114018 утсаар холбоо барьж болно.

–Ярилцлагынхаа төгс­гөлд нэг зүйлийг тодруулъя. Сүүлийн үед хот, суурин газрын хүмүүс түрүү булчирхайн үрэвслээр их өвдөх болсон гэх юм. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Дэлхийн өнцөг булан бүрт хотжилт үүсч, хүмүүс гол төлөв орон сууцанд амьдардаг болсноос хойш түрүү булчирхайн өвчлөл харьцангуй ихэссэн гэж ойлгож болно. Эрт дээр үед хүмүүс явган сууж, бие засдаг байсан. Одоогийнх шиг малаа мотоциклиор бус мориор хариулдаг байсан. Тэр үед түрүү булчирхайн өвчин бараг байдаггүй байсан. Тиймээс энэ асуудлыг шийдэхын тулд АНУ-д суултуур дээр суусан атлаа явган суух байрлалыг бүрдүүлдэг зориулалтын гишгүүртэй 00-ын суултуурыг хэрэглээнд гаргасан байдаг. Уг гишгүүрийг хэрэглэснээр давсаг, түрүү булчирхайг хариуцах, таазны ёроолын булчин бэхжиж, давсагнаас түрүү булчирхайд ирэх даралт буурдаг. Мөн бүдүүн гэдэсний хорт хавдар, мухар олгой, архаг суулгалт, шамбарам зэрэг өвчлөлөөс сэргийлдэг ач холбогдолтой. Энэ нь бүр клиникийн судалгаагаар батлагдсан байдаг. Тиймээс сүүлийн үед явган сууж, бие засах зориулалттай, суултуурийг хэрэглэж заншихыг АНУ болон Европын холбооны улсуудын эмч нар иргэдэд зөвлөдөг болсон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …