Энэ бол манай үндэсний үйлдвэрлэгчдийн хэлсэн үг. Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсны 65 жилийн ой энэ жил тохиож байгаа. Түүхэн 65 жилийн хугацаанд хөрш зэргэлдээ оршиж байгаа хоёр улс олон салбарт хамтран ажиллаж, олон чухал арга хэмжээ, айлчлал зохион байгуулж байсан ч анх удаагаа л өөрсдийнхөө үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүдийг нэг дор дэлгэн, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг зохицуулсан хэлэлцээрүүд нэг дор хийгдсэн юм.
Хятад, Монголын хамтарсан экспог зохион байгуулах санал санаачлагыг анх ӨМӨЗО-ны Засгийн газраас гаргаж, хоёр улсын хооронд олон удаагийн уулзалт яриа хэлэлцээрийн үр дүнд БНХАУ-ын Худалдааны яам, Монголын Аж үйлдвэрийн яам хамтран зохион байгуулах зохион байгуулахаар болжээ.
Биднийг БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хотод очих үед гудамж талбайгаа Хятад, Монголын төрийн далбаагаар чимж, хаа сайгүй “ Талын зам болон Торгоны замыг холбож, хамтын ажиллагааны коридорыг хөгжүүлье” гэсэн уриа лоозон бичиж тавьжээ. Харуул хамгаалалт, аюулгүй байдалд онцгой анхаарч, галын, түргэний, цагдаагийн машинууд томоохон арга хэмжээ болох газруудад бэлэн байдалтай байсан. Энэхүү арга хэмжээнд Монголын талаас соёл урлаг, спорт, хүмүүнлэг, бизнесийн салбарынхан, үндэсний үйлдвэрлэгчдээс бүрдсэн 800 гаруй төлөөлөгч оролцсон бол БНХАУ-ын 20 гаруй мужаас нийтдээ 7000 гаруй хүн иржээ. Үүнээс гадна Олон улсын банк санхүүгийн байгууллага, Япон, Солонгос, Тайваний бизнес эрхлэгчид гээд нийтдээ 10000 гаруй хүн зөвхөн энэхүү экспог үзэж сонирхохоор Хөх хотод цугласан байлаа. Экспогийн арга хэмжээ Монгол хятадын соёл урлагын хамтарсан тоглолтоор эхлэж, Хөх тал дахь цэнгэлдэх төвд нээлтийн ёслол хийсэн юм.
Хөххотын зүүн хойд хэсэгт баригдсан энэхүү Цэнгэлдэх хүрээлэнд 3400 гаруй мкв талбайтай, нэг дор 1000 гаруй хүнийг хүлээн авах хүчин чадалтай том Монгол гэр, тус бүр 700 мкв талбайтай хоёр, 113 мкв талбайтай дөрвөн том гэрийг барьж, байгуулжээ. Морин уралдаан, монгол үндэсний дээл хувцасны загварын шоу, урлагын тоглолтоор эхлэсэн нээлтийн ёслолд Хятадын КН-ын Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд сайд Лю Яньдун үг хэлж, БНХАУ-ын удирдагч Си Жиньпины илгээлтийг уншиж, танилцуулсан юм. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахын тулд Өвөрмонголын талаас тун сайн бэлтгэл хангасан байсан юм.
Нийтдээ 500 гаруй монгол хэлтэй оюутнуудыг орчуулагч, хэлмэрч, газарчаар ажиллуулж, хөрөнгө оруулалтын найман уулзалт, дээд хэмжээний есөн форум, 11 салбар хуралдаан хийхээр заал танхимаа зохион байгуулж, нийтдээ 8000 мкв талбайд үзэсгэлэн, худалдаа гаргахаар бэлтгэжээ. Энэхүү үзэсгэлэнд Монголын 230 гаруй бизнес эрхлэгч 600 гаруй нэр төрлийн хоёр тэрбум төгрөгийн барааг худалдаалахаар очсон байлаа. Монголын үзэсгэлэн худалдаа болж байгаа зай талбайд хөл тавих зай үгүй шахам хүмүүс цуглажээ. Тэд Монголын үндэсний үйлдвэрлэгч нарын барааг тун их сонирхож, худалдан авч байсан юм. Үзэсгэлэн эхлэсэн анхны өдөр гэхэд л АПУ тэргүүтэй томоохон компаниуд авч очсон барааныхаа тавин хувийг зарж дууссан байлаа.
Монголын ноос ноолууран эдлэлээс гадна хиам, мах, махан бүтээгдэхүүн, элэгний нухаш, ааруул өрөм бяслаг, “Шувуутайн гол” ХХК-ийн үйлдвэрлэсэн хийцтэй цай, борцтой бэлэн хоол гээд тун олон бараа бүтээгдэхүүн эрэлт ихтэй, тухайн бүтээгдэхүүнийг худалдан авахаас гадна цаашид хамтран ажиллах, борлуулах хүсэлтэй хятадын бизнесменүүд ч цөөнгүй байсан юм. Хаа сайгүй уулзалт, ярилцлага, барааны танилцуулга, амталгаа, хамтран ажиллах санал санаачлага өрнөсөн энэхүү экспо Монгол бизнесмен, үндэсний үйлдвэрлэгч нарт нэг л зүйлийг маш сайн ойлгууллаа. Учир нь “Монголын зах зээл хэт бага, өрсөлдөөн ихтэй, гаднаас орж ирсэн бараа бүтээгдэхүүнд байнга цохиулдаг, үндэсний үйлдвэрлэл эрхлэх боломж муутай” хэмээн гомдол мэдүүлдэг манай бизнес эрхлэгч нар том зах зээлийн хажууд суугаагаа, басхүү гарцаа олж чадвал ямар ч том бизнес эрхлэж, бараа бүтээгдэхүүнээ гадны зах зээл дээр гаргах боломж байгааг эндээс олж харсан гэдгээ ний нуугүй хэлж байсан. Энэ үеэр Хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд 1.39 тэрбум юанийн хөрөнгө бүхий 10 төсөлд гарын үсэг зурж, нийтдээ 5 тэрбум юаний өртөгтэй, 40 гаруй төсөл дээр хамтран ажиллахаар болж, “Эрдэнэс Тавантолгой” компани Хятадын баяжуулах үйлдвэрүүдэд нүүрсээ нийлүүлэхээр гэрээ хийж, мах экспортлогч компаниуд найман тэрбум юанийн гэрээг үзэглэлээ.
Б.Цоож