Пакистаны Лахор хотод үйлдвэрийн барилга нурсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Ослоор 16 хүн амиа алдаж, 45 хүн гэмтэж бэртсэн байна. Арьс, шир боловсруулах тус үйлдвэр өчигдөр 20.50 цагийн орчимд гэнэт үүднийхээ хэсгээс нурсан хэмээн гэрчүүд мэдээлжээ. Амиа алдагсад бүгд тус үйлдвэрийн ажилчид гэнэ. Аврах алба барилгын нурангид 150 гаруй хүн даруулсан байж болзошгүй хэмээн мэдээлжээ. Учир нь ослын үеэр тус үйлдвэрт 200 хүн ажиллаж байжээ. Аврагчдыг ослын газар ирэх үед нурангид даруулсан хүмүүс орилж байсан гэнэ. Аврах ажиллагаа 4-5 цаг үргэлжилсэн байна. Ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд тус үйлдвэрийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, ойр орчимд нь хөл хорио тогтоосон байна. Цагдаагийнхан тус үйлдвэрийн эзэн гэгдэх дөрвөн хүнийг баривчилж, мэдүүлэг авч эхэлжээ.
Эх сурвалж: Shuud.mn