-Улсын өмчит “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулж, гадаадын банкнаас зээл авсан Ш.Батхүүгийн бизнесийн үйл ажиллагааг сөхөх шаардлага уг зээлийн асуудлаас үүдсэн бөгөөд “Хадгаламж” банкийг Төрийн банк руу шилжүүлэх шалтгаан ч эндээс эхэлсэн юм байна-
“Хадгаламж” банкийг төрийн өмчит Төрийн банкинд шилжүүлэн нэгтгэх шийдвэр өнгөрсөн амралтын өдрүүдээр гарч, энэ даваа гаригаас уг үйл явц эхлэх нь тодорхой болжээ. Яагаад ийм шийдвэр гаргах болсон, уг шалтгаан нь хаанаас эхлэлтэйг ярихын тулд улстөрчид оролцсон нэгэн хуйвалдааныг энд сөхөх шаардлагатай болж буй юм.
“Хадгаламж” банкны үйл ажиллагааг мэргэжлийн сайн баг өдөр тутамд эрхэлж байсан ч эзэмшигч нь болох “Жаст”-ын хэмээх Ш.Батхүүгийн үйлдлээс болоод таагүй үзүүлэлтүүдэд хүрсэн байна. Тус банкны нөхцөл байдлыг сайжруулах өөр боломжууд байсан ч Монголбанк хугацаа алдаж арга хэмжээ авсан байж болох ч энэ нь тусдаа асуудал юм. Харин “Хадгаламж” банкны активыг Төрийн банк руу шилжүүлэх нөхцөл байдал руу хөтөлсөн Ш.Батхүүгийн асуудал түүнээс ч том хэргийг дэгдээх бололтой.
“Жаст” компанийн захирал Ш.Батхүү хэдэн жилийн өмнө Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээлийг авчээ. Тэрээр тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын цохолтоор уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн гарын үсэг бүхий баталгаа гаргуулж, зэсийн баяжмалаар барьцаалан уг зээлийг “Стандарт” банкнаас “Жаст” компанийн нэр дээр авсан юм байна. Уг зээлээс ердөө зургаан саяыг нь төлж, үүнээс хойш “Стандарт” банкинд ямар ч зээлийн төлбөр хийгээгүй өнөөдрийг хүрчээ. Улмаар энэ оны тавдугаар сарын 20-доор “Стандарт” банкны төлөөлөгчид Монголд ирж, “Эрдэнэт” үйлдвэрийн өнөөгийн удирдлагуудад зээлийн баталгааг нь үзүүлж, зээлийн төлбөрийг шаардсан аж. “Жаст” компанийн авсан зээлийн баталгааны талаар мэдэх зүйлгүй гэдгээ өнөөгийн удирдлагууд тэдэнд ойлгуулж, асуудал Ш.Батхүү дээр буусан байна. Учир нь ТӨХ-ны дарга асан Д.Сугар болон “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нар уг баталгааны талаар мэдэхгүй хэмээн мэлзэж, Ш.Батхүү болохоор тэдний өмнөөс баримтыг хуурамчаар үйлдсэн гэж “Стандарт” банкныханд мэдүүлсэн талаар эх сурвалж өгүүлж буй юм. Үүнээс болоод зээл “Стандарт” банкныхан хуулийн зөвлөх компани хөлслөн баримт бичгүүд хуурамч биш болохыг тогтоолгосон төдийгүй Монголын төр, засгийн хүмүүст уг байдлыг танилцуулж, зээлийн учрыг олохгүй бол олон улсад зарлана гэдгээ мэдэгдсэн байна. Улсын төсвийн орлогын голыг босгодог ганц “саалийн үнээг” баталгаанд нь тавин байж, “Жаст” компанийн авсан зээлийг одоо хэн төлөх ёстой вэ гэсэн асуудал эндээс босчээ. “Эрдэнэт” үйлдвэрийг Монгол Улс 49х51 хувийн харьцаатайгаар ОХУ-тай хамтран эзэмшдэг. Монголын талд хамаарах 49 хувь нь төрийн өмч гэсэн үг. Одоогийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэр нийт 800 тэрбум гаруй төгрөгийн өр, ширтэй байгаагийн дотор ОХУ-д өгөх ёстой сүүлийн хоёр жилийн ногдол ашиг ч багтаж байгааг албаны хүмүүс хэлж буй. Гэтэл ийм байдалд байгаа “саалийн үнээ” “Жаст”-ын зээлд барьцаа гаргасныхаа хариуцлагыг хүлээж зээлийг төлж чадах уу? Ер нь төлөх үндэстэй юү гэх асуулт одоохондоо хариултгүй байгаа аж.
Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын “Стандарт” банк Ш.Батхүүд зээл олгохдоо Монгол Улсын холбогдох хууль, журмыг зөрчсөн байгаа нь тэднийг өнөөхөндөө дуугүй байхад хүргэж буй бололтой. Гадаадын банкнаас Монголын аж ахуйн нэгжүүд зээл авч болох ч зээлийг дотоодын арилжааны банкуудаар дамжуулан авах ёстойг заасан хуулийн заалт бий. Хэрэв “Стандарт” банк стандартын дагуу үйл ажиллагаа явуулсан бол 109 сая ам.долларын зээлийг Монголын аль нэг банкаар дамжуулж, тухайн арилжааны банк “Жаст” компанид тодорхой шалгуурыг тавих ёстой байлаа. Тус компани энэ хэмжээний зээлийг эргүүлэн төлөх чадвартай эсэхийг хянаж, өмнөөс нь хариуцлага хүлээсэн бол “Стандарт” банкны зээл эрсдэлд орох магадлал буурах байсан гэсэн үг.
Түүнчлэн энэ харилцаа бүртгэлд орж, тодорхой хэмжээний татвар, шимтгэл улсын төсөвт орох байв.
Ийм нэгэн бүтэлгүй зээлийн ард улсын өмчит үйлдвэрийн газар баталгаа гаргаж өгсөн хэрэг давхар илчлэгдэж, эрх мэдлээ ашигласан албан тушаалтан, үүнд нөлөөлсөн тодорхой улстөрчдийн ашиг сонирхлын асуудал сөхөгдөх нь логикоор харагдаж байна. Тодруулбал, Д.Сугар, Ч.Ганзориг төдийгүй Ерөнхий сайд асан С.Баярын нэр ч үүнд холбогдож болохоор байгаа аж. Нэгэн үе “Жаст”-ын Ш.Батхүүг Ерөнхий сайд асан С.Баярын бизнес хүрээний ойрын түнш гэдэг яриа тодорхой хүрээнд гарч байсан билээ. Мөн “Олон Овоотын” лицензийг Ш.Батхүү худалдаж авсан асуудал ч тэр үеэр дэгдэж байсныг уншигчид санаж буй байх.
Улсын өмчит үйлдвэрээр баталгаа гаргуулж зээл авсан Ш.Батхүүгийн бизнесийн үйл ажиллагааг сөхөх шаардлага дээрх зээлээс үүдсэн бөгөөд “Хадгаламж” банкийг Төрийн банк руу шилжүүлэх шалтгаан ч эндээс эхэлсэн хэрэг. “Хадгаламж” банкны өөрийн хөрөнгө 80 тэрбум төгрөг атал Ш.Батхүүгийн эзэмшил дэх бусад компаниудын авсан зээл нь 160 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ бол зөвхөн “Хадгаламж” банкнаас зөвхөн “Жаст”-ын авсан зээлийн хэмжээ юм. Арилжааны банкны хувьд өөрийн хөрөнгөөс хоёр дахин давсан зээл олгосон нь эрсдэлд орох улаан гэрэл улалзуулсан үзүүлэлт аж. Монголбанкны зүгээс тус банкийг зарах асуудлыг судалж, Засгийн газар болон холбогдох албаны хүмүүстэй энэ талаар багагүй хугацаанд удаа дараа зөвлөлдсөний эцэст банк худалдаад авчих хэмжээний томоохон бизнесмэнүүдэд банк нэмж өгөх хувилбарыг улстөрчид дэмжээгүй гэх мэдээлэл байна. Ингээд төрийн өмчит Төрийн банк руу “Хадгаламж”-ийг шилжүүлэх шийдвэр эцэслэгдсэн юм байна.
Асуудал Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн буюу тавдугаар сарын 20-доос өндөр хэмжээнд яригдаж эхэлсэнээс хойш “Жаст” компаниа Ш.Батхүү “Магнай трейд”-эд заржээ. “Жаст” компани нь олны мэдэхээр шатахууны импорт, тэр дундаа “Эрдэнэт”, МИАТ компанийн шатахууны ханган нийлүүлэлтийг хийдэг, махны бизнес эрхэлдэг, уул уурхайд ч багагүй хөрөнгө оруулсан компани. Ш.Батхүүгийн хувьд анх MCS компанийг үүсгэн байгуулалцаж байгаад бие даан бизнесээ хөөх болсон гэдэг. Харин тус компанийн бизнес сүүлийн үед хүнд байдалд ороод байгааг шийдвэр гаргах хүрээнд мэдэж байсан төдийгүй Засгийн газрын үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд махны үнийг зохицуулах нэрээр 70 гаруй тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргасны нэлээд хэсгийг “Жаст”-ын “Мах маркет”-ийг аврахад зориулсан гэх яриа ч бизнесийн хүрээнийхнээс өнгөрсөн хавар сонсогдож байсан юм.
“Хадгаламж” банк хот, хөдөөд нийт 493 салбар, нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн, уг сүлжээгээрээ “ХААН” банкны дараа ордог. Энэ нь хөдөөд өрсөлдөөн бий болгож, ХААН банкны монополийг хааж байсан. Харин одоо нийт найман салбартай Төрийн банк тус банкны активыг шилжүүлэн авахаар боллоо.
“Гэрлэх, гэлэн болох давхацлаа” гэдэг шиг “Жаст” группийн гадаадын банкнаас авсан зээл эрсдэлд орсноор давхар, давхар үйл явц өрнөж, банкны салбарт хөдөлгөөн үүсгэлээ. Гэвч “Эрдэнэт” үйлдвэр баталгааг нь гаргаж өгсөн “Жаст”-ын зээлийн үлдэгдэл 103 сая ам.долларыг /одоогийн ханшаар бол 100 сая ам.доллар нь 148 тэрбум төгрөг болно/ хэн яаж төлөх вэ гэдэг асуултад хариу гарсангүй.
Эх сурвалж: “NEWS WEEK” сонин №021