Хуулийг боловсруулах ажилд зөвхөн төрийн байгууллага дангаар оролцоогүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус, олон улсын байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагын хамтын оролцоонд тулгуурлан боловсруулсан байна. Тодруулбал, Италийн төрийн бус Айфо байгууллага, Тэгш нийгэм холбоо, АНУ-ын Элчин сайдын яамыг дурдаж болно. Италийн Айфо байгууллага тус хуулийн анхны төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлж, хуулийн зөвлөх авч ажилласан. Мөн 21 аймаг, 9 дүүрэгт энэхүү хуулийн чиглэлээр нийт 3000 гаруй хүнд сургалт хийж, судалгаа авах ажлыг хамтран зохион байгуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль батлагдсанаар нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтийн талаарх хандлага эерэг болох, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрхээ бодитойгоор эдэлж, ажиллаж, сурч боловсроход нөлөөлж, нийгмийн дунд бүрэн эрх чөлөөтэй байх үр дүн гарна гэж үзэж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг өргөн барьлаа
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьлаа.
Монгол Улсын их хурал 2008 оны 12 дугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцийг, нэмэлт протоколын хамт баталсан түүхтэй. Улмаар, НҮБ 2009 оны 5 дугаар сард Монгол Улсын Засгийн газрыг албан ёсоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид нэгдсэн хэмээн бүртгэсэн байна.Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хуулиар хөгжлийн бэрхшлээтэй хүн төрийн тусламж, дэмжлэг болон эмнэлэг, нийгмийн халамжийн үйлчилгээг хүртэх харилцааг голчлон зохицуулдаг.
Харин шинээр боловсруулсан хуульд хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах, хориглох, нийгмийн харилцаанд бусдын адил тэгш эрхтэй оролцох боломжийг хангах зохицуулалтыг тусгаж өгсөн байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүнд нэн тэргүүн тулгамдаж буй нийтийн тээвэр, зам, орон сууц, тэдний хэрэгцээ шаардлагыг хангахгүй асуудлыг сайжруулах арга хэмжээг хуульчилан заасан байна.