Уул уурхайн салбар ид өсөлттэй байх үед төрөөс энэ салбараас олсон ашгийг иргэн бүрд ижил тэгш хүртээнэ гэж УИХ Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг баталсан. Өнгөрсөн 2010-2013 онд энэ сангаас 21 мянган төгрөг хэлбэрээр нийт нэг их наяд 407 тэрбум төгрөгийг хоёр сая 919 мянган иргэнд олгожээ. Харин нэг сая төгрөг хэлбэрээр 322 орчим тэрбум төгрөгийг 322 мянга 784 иргэнд өгсөн байна. Тодруулбал 2010 оноос хойш Хүний хөгжил сангаас иргэдэд дөрвөн төрлөөр мөнгө тараасан байх юм. 2010-2013 оны хооронд иргэн бүрд эх орны хувь хишиг нэрээр сар бүр 21 мянган төгрөг, 2013 онд ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг удаа нэг сая төгрөг, 2011, 2012 онуудад оюутны сургалтын төлбөрт 500 мянган төгрөг тус тус олгосон байдаг. Харин одоо бол зөвхөн энэ сангаас хүүхдүүдэд 20 мянган төгрөгийг сар бүр өгдөг. Ирэх онд энэхүү сангаас олгогдох хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгодог болно гэж эх сурвалж мэдээллээ. Хүүхдийн 20 мянган төгрөгийн тэтгэмжийг зарлагыг он бүрээр нь тооцвол 2010 онд 315 тэрбум, 2011 онд 786 тэрбум, 2012 онд 848 тэрбум, 2013 онд 278 тэрбум, 2014 онд 312 тэрбум, 2015 онд 246 тэрбум төгрөг болжээ.
Д.УУДАМ