Ханиад томуу хүрсэн үед хурдан эдгэх гэж антибиотикоор эмчлэх тохиолдол иргэдийн дунд түгээмэл байдаг. Гэтэл антибиотик нь зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчнийг анагаадаг бөгөөд вирусээр үүсгэгдсэн ханиад, томууг эдгээдэггүйг анхааруулж байна.Антибиотикийг хэрэглэхийн өмнө өөрт тохирохыг эмчээр тогтоолгож, заасан тунгаар, тогтмол цагт, тогтоосон хоногт гүйцэд хэрэглэх ёстой. Хэдийгээр халуурах болон бусад халдварын шинж арилсан ч эмчийн зөвлөсөн хоногийг дуустал хэрэглэхийг зөвлөж байна. Эмчийн зааваргүйгээр, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь антибиотикийн дасал үүсэх гол шалтгаан болдог. Дасалтай болсон бол тухайн антибиотик болон түүнтэй адил үйлчилгээтэй бусад антибиотик үйлчлэхгүй болох аюултай. Учир нь таны биед орсон өвчин үүсгэгч нян антибиотикийн нөлөөнөөс өөрийгөө хамгаалахын тулд үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Буруу хэрэглэснээр тухайн нян антибиотикт тэсвэртэй болж, өөр антибитикоор эмчлэгдэхгүй нян үүсгэдэг байна. Антибиотик хэрэглэх заалтгүй өвчний үед хэрэглэвэл өвчний шинж тэмдэгийг бүдгэрүүлж, оношлоход төвөгтэй байдал бий болгож өвчнийг архагшуулдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.Антибиотик нь өвчин үүсгэгч нян төдийгүй хүний биед байдаг ашигтай нянгуудыг устгаж мөөгөнцөр, вирус зэрэг бусад төрлийн бичил биет үржих боломжийг бүрдүүлдэг байна.Антибиотикийг хэрэглэх үед арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах, харшлын ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл хэрэглэхээ зогсоож, эмчид мэдэгдэх хэрэгтэй. Зарим антибиотик сонсгол, харааны мэдрэл гэмтээх, элэг, бөөр хордуулах, ургийн гаж хөгжил үүсгэх зэрэг хортой нөлөө үзүүлдэг тул бага насны хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан болгоомжтой хэрэглэх нь зүйтэй юм. Тухайлбал гентамицин нь сонсголын мэдрэлийг гэмтээхээс гадна бөөрөнд, ципрофлоксацин нь эхийн сүүгээр дамжин хүүхдэд сөрөг нөлөө үзүүлдэг тул хөхүүлэхэд хэрэглэхийг хориглодог байна. Иймээс антибиотикийг зөвхөн эмчийн хяналтад, жор, заасан хугацаанд зөв хэрэглэж хэвшихийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө мэдээлллийн төв” зөвлөж байна.