Монгол Улсын хэмжээнд автын осолд өртөж буй хүмүүсийн дийлэнх нь хүүхдүүд байдаг бөгөөд өвлийн улирал эхэлж хальтиргаа, гулгаатай болохоор автомашинд мөргүүлж гэмтэх цаашлаад амиа алдах тохиолдол нь ихэсдэг байна. Гэмгүй тэд ихэвлчэн сургуульдаа явах, гэртээ харих замдаа автомашинд мөргүүлдэг бол томчууд өөрсдийн тэвчээргүй зан, хайхрамжгүй байдлаасаа болж автын осолд ордог байна. Монгол Улсын хэмжээнд дунджаар өдөрт хамгийн багадаа 1-2 хүн автын ослоор амиа алддаг гэхэд та итгэх үү.
Хүн амдаа харьцуулсан энэ үзүүлэлтээрээ манай улс дайны тулаангүй орнууд дотроо тэргүүлдэг бөгөөд нэг үгээр автын ослоор хамгийн олон хүн амь үрэгддэг орон юм. Өмнө нь автын ослоор өдөрт нэг хүн амиа алддаг байсан манай оронд сүүлийн жилүүдэд өдөрт хоёр болж хоёр дахин нэмэгдсэн бөгөөд ганцхан өчигдөр л гэхэд зам тээврийн осолд зургаан хүүхэд өртөж, гэмтсэн байна. Ер нь 6-10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнтэйгээр замын хөдөлгөөнд оролцуулах ёстой байдаг ч тэр бүр хүүхдүүд харгалзах хүнтэйгээр замын хөдөлгөөнд оролцож чаддаггүй. Харин өчигдөр гэмтсэн зургаан хүүхдээс 7 настай эрэгтэй У тун хүндээр гэмтжээ. Түүнийг өчигдөр Дамбадаржаагийн 16-р хорооны байрны хойд замд “Vitz” маркийн автомашины жолооч Б мөргөж ийнхүү хүнд гэмтээсэн байна.
Э.Төгс