“Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ ажилчдынхаа эрх ашгийг хамгаалж өөрийгөө галдсан харамсалтай явдал болсон билээ. Тэрээр одоо ГССҮТ-ийн Түлэгдэл, нөхөн сэргээх мэс заслын тасагт эмчлүулж буй. Түүний эхнэр Ш.Хишигттэй цөөн хором ярилцлаа.
-С.Эрдэнэ гуайн биеийн байдал сайнгүй байгаа үед уулзаж байгаад уучлаарай. Хэрэг явдлыг та бүхэн анх яаж мэдэв?
-Тэр явдал болох өдөр би гэртээ байсан юм. Өвөрхангайгаас дүү маань утасдаад “Зурагтаа асаагаад үз. Ах маань шатаад байна” гэж ярьсан. Би ч хам хум зурагтаа асааж үзээд цочирдсон. Шоконд орсон хүн хүүхдүүддээ хэл дуулгасан даа.
-Танай хүн ийм алхам хийх болсноо хэлээгүй хэрэг үү?
-С.Эрдэнэ энэ талаар ямар ч мэдээлэл өгч байгаагүй. Бидэнд ажлынхаа талаар нэг их ярьдаггүй хүн. Тэр явдлыг сонсоод бид төдийгүй хамаатан садан, найз нөхөд бүгд хүнд цохилтод ороод байна.
-Энэ үйл явдлын талаар олон нийтийн дунд янз бүрийн ойлголт байна. Тухайлбал, С.Эрдэнэ гуайг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, сэтгэцийн өөрчлөлттэй, захиалгат үйл явдал зэргээр хэлж, бичиж байна?
-Манай нөхөр согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Ямар ч сэтгэцийн өвчлөл байхгүй. Захиалгаар хүн өөрийгөө ингэж хохироож чадах уу. Хэвлэлийн хурал хийх үеэр л болсон явдал шүү дээ.
-Ажилчдынхаа эрх ашгийг хамгаалж өмнө нь олон удаа хэвлэлийн хурал зарлаж, жагсаал цуглаан хийж байсан. Гэхдээ эрүүл мэндээ золиослон байж ийм алхмыг хийх болсныг та юу гэж бодож байна?
-Олон удаа хэвлэлийн бага хурал хийж байсныг би сайн мэднэ. С.Эрдэнэ өөрийн хийж эхэлсэн ажлын эцсийг үздэг хүн. Арга мухардахдаа эцсийн шийдвэр гаргаж өөрийгөө золиосолсон.
-Одоо биеийнх нь байдал ямар байна. Эмч нар юу гэж байна?
-Одоогоор биеийн байдал хүнд, хордлого тайлах, үрэвсэл дарах эмчилгээ хийгдэж байна. Шокноос одоо хүртэл гараагүй. Маргааш / өнөөдөр/ эхний мэс засалд орно. Нөхөх талбай их учраас арьс нөхөх мэс засалд гурван удаа орох шаардлагаггай гэсэн.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийг эмчилгээний зардал гаргахыг Ерөнхий сайд үүрэг өгсөн. “Эрдэнэс Тавантолгой” компани танай хүнийг Солонгос руу явуулж эмчлүүлэхээр болсон албан мэдээг хэвлэлийнхэнд өгч байсан?
-Тийм асуудал байхгүй. Бид өөрсдийнхөө хөрөнгөөр эмчилгээг хийлгэж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компаниас 800 гаруй мянган төгрөгийн эм тариа, боолт авч өгсөн. Тэр нь хоёр өдрийн эмчилгээний зардал. Яахав, Солонгос руу явуулах аман хүсэлт ирсэн. Тэр нь одоогоор шийдэгдээгүй байна.
-Компаниас эргэж ирж байна уу. Та бүхэнтэй холбоотой байгаа юу?
-Хүний нөөцийн менежер хүүхэн хоёр удаа ирсэн. Эм тариа авсан зардлын падааныг өгөөд явуулсан. Мөнгийг нь шилжүүлнэ гэж байна лээ. Бас компаниас дөрвөн хүн биеийг нь асууж ирсэн.
-С.Эрдэнэ гуай одоо юу гэх юм?
-Тэмцлээ үргэлжлүүлнэ л гэдэг.
-Та бүхэн цаашид яах вэ. Ямар нэгэн газарт гомдол гаргах уу?
-Эрүүл саруул хүнийг ийм байдалд хүргэсэн юм чинь гомдол гаргаж болох бүх газарт хандана.
Б.Заяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин