Египет Улсад оросын иргэний онгоцыг “Исламын улс” террорист бүлэглэл устгасан гэдгийг нотлосны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, холбогдох албан тушаалтнуудад хандаж уг хэргийг үйлдсэн хүмүүсийг дэлхийн аль байгаа газраас нь олж устгах, мөн тус бүлэглэлийн эсрэг явуулж буй агаарын цохилтыг улам эрчимжүүлэхийг үүрэг болголоо.
Оросын Сири улсад “Исламын улс” террорист бүлэглэлийн эсрэг явуулж буй агаарын цохилтыг нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих, харилцан ажиллагааг зохицуулах ажлыг Москва хот дахь “Үндэсний батлан хамгаалах удирдлагын төв”-өөс шууд зохион байгуулж байна. Харин Иракийн нийслэл Багдад хотод ОХУ, Иран, Ирак, Сири дөрвөн улсын хамтарсан “Мэдээллийн төв” ажиллаж, тодорхой хэмжээний мэдээллээр хангаж байгаа билээ.
Одоо Сири улсад байлдааны ажиллагаанд оролцож буй оросын цэргийн хүч, хэрэгслүүдийг дотор нь дэлхийн тойрог замын, стратеги-алсын зайн бөмбөгдөгч онгоцны, цохилтын нисэх хүчний болон тэнгисийн цэргийн гэж дөрөв хувааж болно.
Дэлхийн тойрог замын бүлэглэл: Оросууд агаарын цохилтоо өндөр нарийвчлалтай болгох, төрөл бүрийн тагнуулын мэдээлэл олзворлох, газрын болон агаарын “бай” заах, мэдээлэл холбоо хангах зорилгоор 10 нэгж хиймэл дагуул ашиглаж байгаа гэнэ. Үүнд хэт мэдрэмтгий, өндөр нарийчлалттай гэрэл зураг авах хүчин чадалтай “Канопус-В”, “Ресурс-П” загварын хиймэл дагуулууд багтаж байгаа юм. “Ресурс-П” загварын хиймэл дагуул
Стратегийн болон алсын зайн бөмбөгдөгч онгоцнууд: Өнөөдрийн байдлаар 5 нэгж “Ту-160”, 6 нэгж “Ту-95МС”, 14 нэгж “Ту-22М3” нийтдээ 25 нэгж стратегийн болон алсын зайн бөмбөгдөгч онгоцнууд байлдааны ажиллагаанд оролцож, 62 удаагийн байлдааны нислэг үйлдээд байна. Эдгээр онгоцнуудын ихэнх нь Москва хотоос зүүн урд зүгт 850 км зайд байрлах “Энгельс” агаар-сансарын цэргийн хүчний нисэх баазаас хөөрч, олон мянган км-ийн нислэг үйлдэж байгаа юм. Энэ баазад оросын 22 дугаар хүнд бөмбөгдөгч онгоцны дивизийн 121 (“Ту-160” онгоц) болон 184 дүгээр хороо (“Ту-95МС” онгоц)-д байрладаг юм. Түүнчлэн уг ажиллагаанд Москва хотоос урд зүгт 1700 км зайд өмнөд осетын нутагт байрлах “Моздок” нисэх хүчний баазыг давхар ашиглаж байна.
Оросуудын ашиглаж буй 4 ширхэг турбо-сэнсэн хөдөлгүүртэй “Ту-95” бөмбөгдөгч онгоц нь анх 1956 онд зэвсэглэлд орсон хэдий ч одоог хүртэл уг онгоцны сайжруулсан хувилбаруудыг ашиглаж байгаа нь үнэхээр чанартай найдвартай онгоц гэдгээ баталсан хэрэг болж байна. Энэ онгоц 20 хүртэл тонн бөмбөг, пуужин тээвэрлэж, 710 км/цагийн хурдтайгаар 15 мянган км хүртэл алсын зайд нислэг үйлдэх чадвартай. Сири улсад байлдааны ажиллагаанд “Х-555” загварын далавчит пуужинг тээвэрлэн нисэж байгаа нь харагдаж байсан.
“Х-55” далавчит пуужин
“Х-555” далавчит пуужин нь 410 кг жинтэй, 2500 км хүртэл зайд буй “бай”-г 5-10 метрийн нарийвчлалттай устгах чадвартай билээ.
Цохилтын нисэх хүчний онгоцнууд: Урьд бид байлдааны ажиллагаанд оролцож буй цохилтын нисэх хүчний тухай өмнө бичсэн нийтлэлд тодорхой дурьдсан. Үүнд 40 нэгж нисэх онгоц(“Су-24СМ”, “Су-34”, “Су-24М”, “Су-25СМ” загварын), 18 нэгж нисдэг тэрэг(“Ми-24”, “Ми-8” загварын) багтаж байгаа. Өнөөдрийн байдлаар сөнөөгч онгоцнууд 2585 удаагийн байлдааны нислэг үйлдэж, “Исламын улс” террорист бүлэглэлийн олон арван амьд хүч, зэвсэг техник, ар тал хангалтын баазыг устгаад байна.
Тэнгисийн цэргийн бүлэглэл: Агаарын цохилтын бүлэглэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор газар дундын тэнгист Оросын “Хар тэнгисийн флот”-ын харьяа пуужин тээвэрлэгч “Москва” байлдааны усан онгоцоор ахлуулсан 9 нэгж усан онгоцны бүлэг, харин Каспийн тэнгист пуужин тээвэрлэгч “Дагестан” усан онгоц байлдааны ажиллагаанд оролцож байгаа. Эдгээр 10 нэгж усан онгоцнууд 29 удаагийн пуужингийн цохилт хийгээд байна.
Өнөөдөр, 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл “Сири, Ирак улсын нутагт буй үйл ажиллагаа явуулж буй “Исламын улс” террорист бүлэглэлтэй нэгдмэл байдлаар тэмцэх,” тухай шийдвэр гаргасан. ОХУ-ын зүгээс “Исламын улс” террорист бүлэглэлийг санхүүжүүлж байгаа эх үүсвэрүүдийг таслан зогсоох, түүнийг устгахыг бусад улс оронд хандаж уриалаад байгаа юм.
Оросын “Агаар-сансарын болон тэнгисийн цэргийн хүчин”-ий тодорхой бүрэлдэхүүн Сири улсад явагдаж буй байлдааны ажиллагаанд идэвхитэй оролцож байгаа явдал нь тус улсын гадаад бодлогыг олон улсын түвшинд дэмжихэд голлох хөшүүрэг болоод зогсохгүй, оросын зэвсэгт хүчин холбоотноо дэмжиж алсын зайд байлдааны ажиллагаа явуулах чадвартай гэдгийг харуулсан хэрэг болж байна. Энэ нь нэг талаар хуучин зөвлөлтийн үеэс хойш оросын иргэд өөрсдийн цэрэг зэвсгийн хүчин чадлаар бахархах сайхан боломж болж байгаа юм. Мөн түүнчлэн өөрийн цэргийн хүч хэрэгслийн хүчин чадал, бэлэн байдал, удирдлагын түвшинг шалгах, бие бүрэлдэхүүнийг байлдааны ажиллагааны дадлага туршлага эзэмшүүлэх, нисэх болон усан онгоц, зэвсэг техникийн найдвартай ажиллагааг шалгах, сайжруулах, шинэ төрлийн галт хэрэгсэл, зэвсэг техник багаж төхөөрөмжийн хүчин чадлыг судлах, турших зэрэг олон талын ач холбогдолтой юм.