Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд дам яриа болон жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийн талаар мэдлэг дутуу байдгаас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байгаа. Тухайлбал 72 цагийн эмийг тогтмол хэрэглэснээр арьс сайхан болдог гэсэн ташаа ойлголттой байдаг. Тэгвэл 72 цагийн эмийг жилдээ дээд тал нь 1-2 удаа хэрэглэх бөгөөд түүнээс илүү хэрэглэсэн тохиолдолд цус алдах, цэвэрших, үргүй болох зэрэг эрсдэлтэйг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.
Өнөөдөр Монгол улсын эмийн бүртгэлд жирэмснээс хамгаалах 72 цагийн дотор уудаг Постинор, Прегнон, Мадонна гэсэн гурван эм бүртгэгдсэн байдаг. Унгар, Энэтхэг, Тайланд улсаас орж ирсэн эдгээр эм нь хоол боловсруулах замаар бүрэн шимэгдэх бөгөөд хэрэглэснээс хойш 2 цагийн дараа цусны плазм дахь концентрац нь дээд хэмжээндээ хүрнэ. Элгэнд хоргүйжиж 60 хувь нь бөөрөөр, 40 хувь нь өтгөнтэй тус тус гардаг.
Постинор, Прегнон, Мадонна эмийн ерөнхий үйлчлэл нь өндгөвчнөөс өндгөн эс чөлөөлөгдөx явцыг саатуулдаг. Хэрэв өндгөн эс чөлөөлөгдсөн байвал өндгөн эс рүү эр бэлгийн эс нэвтрэн ороx явцыг саатуулах, үр тогтсон өндгөн эсийг умайн xананд бэxлэгдэx явцыг зогсооx үйлчилгээ үзүүлдэг байна.
Эмийн үйлчлэлийг нь бодон нөхөн үржихүйн насны бүх эмэгтэй хүн ууж болно гэж боддог нь эндүүрэл юм. Тодруулбал, 72 цагт уудаг эмийг хоол боловсруулаx эрxтэн болон элэгний хурц, архаг өвчнүүдийн үед, чихрийн шижин, даралт өндөр, зүрхний өвчтэй, хөхний хавдартай болон өмнө нь хавдар тусаж байсан бол уг эмийг хэрэглэхийг хориглодог. Мөн сарын тэмдгийн мөчлөг нь хэвийн явагддаг эмэгтэйчүүд хэрэглэж болохгүй. Хэдийгээр дээр дурьдсан өвчингүй ч эмний найралган дахь орцонд мэдрэг бол дотор муухайрах, сарын тэмдгийн мөчлөг богиносох, цусархаг ялгадас гарах эргээр эмийн гаж нөлөө илрэх юм. Дээрх гаж нөлөө илэрсэн тохиолдолд уг эмийг хэрэглэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Үүнээс гадна бага сартай жирэмсэн эхчүүд зулбуулах зорилгоор энэхүү эмийг давхарлан хэрэглэх тохиолдол гарсан. Зулбуулах эм, 72 цагийн эм нь хоорондоо ялгаатай бөгөөд зулбуулах эм уух гэж байгаа бол заавал эмчийн хяналтад уухын зэрэгцээ эмнэлгийн тусламж үйлчилгээ авах ёстойг мэргэжилтнүүд анхааруулж байна. Мөн хөхүүл эх уг эмийг хэрэглэж болохгүй гэж зарим улсад хориглодог. Тухайлбал, Австралийн гэр бүл төлөвлөлтийн байгууллагаас тус эм нь эхийн сүүгээр дамжин нярайд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй тул хөхүүл хүн уухыг хориглодог ажээ. Гэвч үүнийг мэдэхгүйн улмаас хэтрүүлэн хэрэглэсэн эмэгтэйчүүдийн наснаас хамааран цус алдах, сарын тэмдгийн мөчлөг алдагдах, өндгөвчний үйл ажиллагааг дарангуйлах, цэвэршилт хурдан явагдах, цэвэрших, үргүйдэлд хүргэх зэрэг олон сөрөг нөлөө үзүүлдэг. Эмэгтэйчүүдийн хувьд уг 72 цагийн эмийг хэрэглэх болсон шалтгаанаа жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл тогтмол хэрэглэхгүй байгаатай холбож тайлбарладаг. Өөрөөр хэлбэл байнгын бэлгийн хавьтагчгүй бөгөөд тохиолдлын бэлгийн харьцаанд орсон болохоор эрсдэлээс сэргийлж байгаа нь энэ гэж тайлбарладаг. Байнгын бэлгийн хавьтагчтай байсан ч “тоотой” эмийг хааяа уухаа мартдаг, ерөндөг таргалуулдаг гэх буруу дам ярианаас болж жирэмснээс хамгаалах арга хэмжээ авалгүй 72 цагийн эмийг сонгодог ажээ. Тэгвэл ЭМСЯ-аас өөрийнхөө нас, биеийн онцлог, гэр бүл төлөвлөлт зэргээс хамааран жирэмслэхээс хамгаалах хэрэгслийг сонгохыг зөвлөж байна. Тодруулбал эмэгтэй хүн хэт эрт биш, 3-5 жилийн зайтай төрөх бол ерөндөг тавиулах, байнгын бэлгийн хавьтагчгүй тохиолдолд бэлгэвч хэрэглэн жирэмслэлт болон БЗХӨ-өөс өөрийгөө сэргийлэх хэрэгтэйг зөвлөж байна. Өөрөөр хэлбэл бүсгүй та жирэмснээс хамгаалах эмийг тогтмол уухаа мартдаг бөгөөд ойрын 1-2 жилдээ жирэмсэн болохгүй гэвэл ерөндөг, 4-5 жилдээ жирэмсэн болохгүй гэвэл булчиндаа суулгац хийлгэх нь зүйтэй гэдгийг нөхөн үржихүйн мэргэжилтнүүд зөвлөдөг. Тиймээс аль болох 72 цагийн эмийн хэрэглээг бууруулах, жилдээ 1-2 удаа хэрэглэх ёстойг анхаарна уу. Уг эмийг сард 3 удаа уусан бүсгүйн сарын тэмдэг нэг сар алдаж ирсэн бөгөөд ирэхдээ их хэмжээгээр ирсэн байдаг. Мөн сарын тэмдэг ирэх ёстой хугацаанаасаа өмнө ирэх зэргээр олон сөрөг тал гарсан талаарх мэдээлэл байгааг сэрэмжлүүлж байна.
А.Баярмаа
эх сурвалж: dorgio.mn