Нийслэлийн удирдлагууд өрөнд орж, мөнгөний хэрэг яаралтай гарсан хүн эд хөрөнгөө зардаг шиг хотын захиргаанд байгаа барилга, обьектуудыг зарахаар болжээ. Нийслэлийн ИТХ-аар энэхүү асуудлыг хэлэлцүүлж энэ ондоо багтаан нийтдээ 93 тэрбум төгрөгийн барилга, обьект зарахаар төлөвлөжээ. Гэвч энэхүү төлөвлөгөө он дуусч байхад биелүүлэгүй учир ирэх 2016 он уруу шилжүүлж яаралтай худалдахаар шийджээ. Хотын удирдлагууд ирэх онд Хүүхдийн урлан бүтээх төв, тэргүүтэй Сүхбаатар дүүргийн хуучин Засаг даргын тамгын газар, Соёлын төв өргөөний Г корпус, дүүргүүдийн найман хуучин өрхийн эмнэлэг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын спорт заал зэрэг нийт 21 объектыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдсэн агаад ирэх оны сонгуулиас өмнө дуусгахаар яарч байна.
Түүнчлэн “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламж болон “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчлахаар болжээ. Ямартай ч, сонгуулиас өмнө зарж болох бүхнийг боломжийн үнээр зарах ажилдаа хотын удирдлагууд оржээ. Нөгөө талаас АН-ынхны энэ үйлдлийг “салахдаа байгаа бүхнийг хуу хамаад явдаг увайгүй зан” хэмээн учир мэдэх хүмүүс хэлсэн юм.
Э.Төгс