Японы Мияконожо хотын сүүний үйлдвэр Монгол тарагийн хөрөнгөөр тараг бүрдэг.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Япон улсын Мияконожо хотын орлогч дарга Ивасаки Тоорүг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Ивасаки Тоорү Мияконожо хотын даргаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд илгээсэн мэндчилгээг дамжууллаа. Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл “Сайн харилцаа удаан үргэлжилдэг гэдэг. Манай хоёр хот сурагч солилцоо, соёл, хөдөө аж ахуй, нийтлэг үйлчилгээний салбарт 16 дахь жилдээ идэвхтэй хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Ирэх онд тохиох Мияконожо хотын ойд урилгын дагуу зочид, төлөөлөгчдөө оролцуулах болно” гэлээ. Мияконожо хотын орлогч дарга Ивасаки Тоорү “Бидний хамтын ажиллагаа анх бага оврын салхин цахилгаан станцаас эхэлж, соёл урлаг, боловсролын салбараар өргөжсөнд баяртай байна. Манай хотод очих зочдыг тэсч ядан хүлээх болно гээд энэ удаад “Мияконожогийн амтат үхрийн мах”-ыг нийлүүлэх саналтай ирснээ дуулгалаа. Засаг даргын орлогч хариуд нь 2014 онд хоёр хотын хооронд “Сурагч солилцооны хөтөлбөр” амжилттай хэрэгжсэнд манай эцэг, эх, хүүхдүүд их баяртай байгаа. Тиймээс ирэх онд мөн энэ ажлыг үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна. Үхрийн махны тухайд манай Мал эмнэлэгийн газрын дарга А.Нарантуяа, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний газрын дарга О.Нарантуяа нар таны саналыг анхааралдаа авч ажиллах болно гэв. Орлогч дарга нар хоёр хотын цаашдын харилцааг бүх салбарт идэвхжүүлэх, нутаг орны цаг агаар болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний талаар харилцан найрсаг яриа өрнүүлж, Мияконожо хотын сүүний үйлдвэр Монгол тарагийн хөрөнгөөр тараг бүрдэг тухай сонирхуулсан юм.
Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл Мияконожо хотын орлогч дарга Ивасаки Тоорүг Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэнд талархаад, хотын даргынх нь мэндчилгээг Засаг даргад дамжуулахаа илэрхийллээ. Уулзалтад Японы талаас Мияконожо хотын Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тасгийн дарга Юкизаки Макото, тус тасгийн орлогч дарга Нишихата Юүичи, Мияазаки мужийн МАА-н Үйлдвэрлэл хөгжлийн тасгийн шинжээч Китамура Акихико, тогооч Накао Казүхиса, Улаанбаатар хотоос Нийслэлийн Мал эмнэлэгийн газрын дарга А.Нарантуяа, ЗАА-ны ХХҮХ-ийн дарга О.Нарантуяа нар оролцов.
ЭХ СУРВАЛЖ: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС