Батлан хамгаалахын сайд байхдаа Францаас байлдааны усан онгоц худалдан авах томоохон гэрээ хийж, энэхүү гэрээнд орчуулагчаар ажилласан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг зэрлэгээр хөнөөх захиалга өгсөн гэгддэг Малайзын одоогийн Ерөнхий сайд Нажиб Разак өдгөө Монгол Улсын эрх баригчидтай нэлээд ойртон ажиллаж байгааг тус улсын сөрөг хүчнийхэн шалгасаар байгаа юм.
Малайзын экс Ерөнхий сайд тэргүүтэй сөрөг хүчнийхэн Нажиб Разакийг Монгол эмэгтэйн аминд хүрсэн асуудлаар албан тушаалаас нь буулгах томоохон компанит ажил өрнүүлж, нэлээд амжилттай явж байсан ч өдгөө замхарсан агаад ингэхэд Монгол Улсын өнөөгийн Засгийн газрыг багагүй хувь нэмэр оруулсан хэмээн Малайзын сөрөг хүчнийхэн үздэг юм. Тэгвэл саяхнаас Малайзад нэгэн дуулиан дэгдсэн нь тус улсын тэтгэвэрийн сангаас их хэмжээний мөнгө /ойролцоогоор 30 орчим тэрбум малайз ринггит/ дутсан бөгөөд энэ мөнгөнөөс багагүй хэсгийг нь Монголд уул уурхай компани худалдан авахад зарцуулсан хэмээх сөрөг хүчний мэдэгдэл юм.
Харин Ерөнхий сайд Нажиб Разак тэр дор нь хариу мэдэгдэл хийж Монголд ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгээгүй хэмээсэн юм. Ямартай ч, ирэх онд Монгол Улсад болох АСЕМ-ын төр, засгийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтад уг холбооны гишүүн орон Малайз оролцохоос татгалзахгүй бол Ерөнхий сайд Нажиб Разак ирж оролцох юм. Учир нь төр, засгийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтад Малайзын вант улсыг төлөөлж Ерөнхий сайд нь ирнэ. Нөгөө талаас үүнтэй холбоотойгоор ч тэр үү Нажиб Разак талийгаач Ш.Алтантуяагийн хэргээр Монголтой тааруухан болсон харилцаагаа сэргээхийг хүсч байгаа нь ил болсон юм.
Тэгвэл өчигдөр Малайзад хар тамхины хэргээр цаазын ял сонссон Н.Золзаяа хэмээх Монгол эмэгтэйн давж заалдах шатны шүүх хурал болж, энэ хурлын үеэр Монгол бүсгүйн амийг хэтрүүлээд зогсохгүй хэргийг нь хэрэгсэхгүй болгосон таатай мэдээг хүргэжээ. Хар тамхины хэрэгт хатуу ханддаг Малайзын хууль хяналтынхан түүнд цаазын ял оноогоод байсан бөгөөд Монголын Засгийн газраас энэ хэрэгт нааштай хандаж, анхаарал тавихыг Малайзын Ерөнхий сайдад тавьж, хүсэлт явуулжээ.
Э.Төгс
Эх сурвалж: Undesten.mn