Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/876 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ханын материалын үйлдвэрийн зүүн талд сургууль, цэцэрлэг бүхий орон сууцны цогцолбор хороолол барих зориулалтаар 6 га газарт газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулна.
Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгов. Дээрх захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.