Монгол Улс ДОХ-ын төвлөрсөн тархалттай орны тоонд багтдаг болжээ

doh

Чимээгүй тахал. Өнөөдөр тэр чимээгүй тахалтай тэмцэх өдөр буюу арванхоёрдугаар сарын 1. Энэ өдөр бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл ДОХ-ын талаар мэдээлэл, зөвлөгөө, сэрэмжлүүлэг өгдөг. Олон нийтийн анхаарал ч үүнд төвлөрч, энэ өвчний хор уршиг, мөн чанарыг чамгүй ухаарч ойлгох шиг болдог. Гэхдээ бид төд удалгүй энэ тухай яг л өөр гаригт очсон юм шиг ор тас мартдаг гэвэл хилсдэхгүй байх. Өнгөрсөн оны тооцоогоор дэлхий дээр 37 сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа ч сүүлийн жилүүдэд Ази, Номхон далайн орнуудад энэ өвчний тархалт буурч эхэлснийг мэдээлсэн. Ийнхүү буурч буй нь ретровирусийн эсрэг эмчилгээ буюу ХДХВ-ийн халдварын эсрэг эмчилгээний хүртээмж нэмэгдэж байгаатай холбоотой аж. 2015 онд 16 сая хүн эмчилгээнд хамрагджээ. ДЭМБ-аас 2030 гэхэд халдвартай хүмүүсийн 95 хувийг эмчилгээнд хамруулж өвчний тархалтыг багасгах, улмаар тэглэх зорилт тавиад байна.

Манай улсад ДОХ буюу ХДХВ-ийн халдвар авсан анхны тохиолдлыг бүртгэснээс хойш 20 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд халдвар тээгчдийн тоо 194 болж өссөн байна. Уг нь Монгол Улс ДОХ өвчний тархалт харьцангуй бага орнуудын тоонд багтдаг. Гэвч халдвар тархах нөхцөл байдал, эрсдэл нийгмийн зонхилох хэсэг болох залуучууд, өсвөр үеийнхний дунд ихээхэн түгээмэл байгаа нь маш том эрсдэл дагуулах болжээ.

ХДХВ-ийн тархалтыг олон улсад гурав хуваадаг байна. Эхний буюу бага тархалттайд нийт хүн амын дундах тархалт нэг хувиас доош байхыг хэлнэ. Хоёрдугаарт, төвлөрсөн тархалт гэж байна. Тодорхой бүлгийн хүн амын дундах тархалт таван хувиас доош байхыг үүнд хамааруулна. Гуравдугаарт, түгээмэл тархалт. Энэ ангилалд нийт хүн амын дунд тархалт нэгээс, тодорхой бүлгийн хүн амын дундах тархалт таваас дээш хувь байх тохиолдлыг хэлнэ. Манай улсын хувьд нийт хүн амын дундах тархалт 0.1 хувиас бага байгаа юм. Харин төвлөрсөн, тодорхой бүлгийн хүн амын дунд ялангуяа хоорондоо бэлгийн хавьталд ордог эрчүүдийн дунд 5-12 хувь тархалттай байна гэсэн судалгаа гарчээ. Тиймээс манайх төвлөрсөн тархалттай орны тоонд орж байна.

Ц.Заяа

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …