Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас газар тариалангийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдалд тандалт судалгаа хийж Дэд даргын зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцлээ.
Судалгааг Дархан-Уул, Хөвсгөл, Баян-Өлгий, Хэнтий, Ховд, Өвөрхангай, Төв, Увс, Говьсүмбэр, Завхан, Орхон, Сэлэнгэ, Говь-Алтай, Баянхонгор, Дорнод аймагт 2015 оны 07 дугаар сараас 10 дугаар сарын хооронд анх удаа хийсэн байна.
Хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалд хамруулсан байдал, ажлын талбай дахь ахуйн байр, ажилчдыг эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгт хамруулсан, тоног төхөөрөмж, ажлын хувцас, хамгаалах хэрэгсэлтэй эсэх, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны чиглэлээр мөрдөх дүрэм, журмын хэрэгжилт ямар хэмжээнд байгааг асуумж хэлбэрээр авчээ.
Тандалт судалгаанд хамрагдсан 220 аж ахуйн нэгж, байгууллагад 1317 байнгын ажилчин ажилладаг бөгөөд тариалалт, хураалтын үед нэг аж ахуйн нэгж, байгууллага 4-6 туслах авч ажиллуулдаг байна. 1317 хүний 872 буюу 66,2% нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан, 759 буюу 57,6% нь нийгмийн даатгалд, 23,6% нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан, 41,3 хувь нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл олгосон, 48,1 хувь нь тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны журмыг мөрддөг, 32,2% нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус ажилтантай байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны ажилтан томилж ажиллуулдаггүй, ажилтныг тогтоосон хугацаанд эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулдаггүй, стандартын шаардлага хангасан хамгаалах хэрэгсэл, химийн хорт бодисоос хамгаалах зориулалтын хувцсаар хангадаггүй, химийн хорт бодисын эрүүл мэндийн нөлөөллийн талаар төдийлөн сайн мэдэхгүй зэрэг зөрчил илэрлээ.
Гэхдээ ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалтад орсон, бүртгэгдсэн хорт бодис болон өрхийн хэрэгцээний төмс, хүнсний ногооны тариалалтад 90% нь бууц, өтөг ашигладаг сайн тал байна. Сэлэнгэ, Увс аймгийн нэр бүхий аж ахуйн нэгжүүд тоног төхөөрөмжийн аюулгүй байдлын мөрдөх дүрэм, журамтай, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг үнэ төлбөргүй олгодог, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтантай, хөдөлмөрийн гэрээг бүрэн байгуулсан, ажилчдаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулдаг, амрах, хооллох явуулын байртай зэрэг ололттой тал ч байна.
Цаашид Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас газар тариалан эрхлэгчдэд хандсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх зөвлөмж гаргаж, химийн бодисын хор, аюулын лавлагаа мэдээлэл бэлтгэн, химийн бодисын эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийн талаар улсын байцаагч нарт мэдээлэл өгөхөөр боллоо. Мөн “Хөдөө аж ахуйн зарим механикжсан ажлын аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-г газар тариалан эрхлэгчдэд сурталчлах нь зүйтэй гэж үзлээ. Тандалт судалгааны дүнг эрсдлийн үнэлгээ хийхэд ашиглаж, эрсдэл ихтэй аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийх юм.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …