Ирэх оноос гэрийн хорионд ял эдэлнэ

1797552_1695521787325887_2255534890084977896_nЭрүүгийн шинэ хууль ирэх оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Энэ хууль бол одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийг бодвол “энэрэнгүй” гэдгийг хэлэх хүмүүс олон бий. Учир нь шинэ хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тэр дор нь шорон оронд аваачиж хорих биш, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэхийг илүүд үзсэн байх юм. Энэ бол хамгийн том дэвшил.
Одоогийн Эрүүгийн хуулиар хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэж ангилж байсан ялыг шинэ хуулиар ердийн болон хүнд гэмт хэрэг хэмээн хоёр ангилахаар болж байна. Хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаатай оногдуулахаар заасан гэмт хэргийг хүнд гэмт хэрэг хэмээн тооцох юм байна. Харин хорих ялын доод хэмжээг таван жилээс доош хугацаатай оногдуулахаар заасан гэмт хэргийг ердийн гэмт хэрэг гэж үзнэ. Ял нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, гэрийн хорионд байлгах, хорих, эрх хасах гэсэн төрлүүдтэй.
-ТОГТООСОН БҮСЭЭС ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГАРВАЛ ЭЛЕКТРОН ГАВ ДУУГАРНА-
Эдгээрээс хамгийн сонирхол татаж буй нь гадны киноноос л харж байсан гэрийн хорионд байлгах ял. Гэмт хэрэг үйлдсэн хүний гарт электрон гав зүүн хууль сахиулах байгууллагын хяналтад байлгаж, оршин суугаа газраасаа явахыг, тодорхой газар очихыг хориглоно гэсэн үг. Гадаад кинон дээрээс харахад гэрийн хорионд байлгах ялтай хүн тогтоосон бүсээс гарвал хөл, гаранд нь байх электрон гав дуугарч, цагдаа нарт дохиолол очдог шүү дээ. Гэрийн хорио гэх энэ шинэ төрлийн ял нь шүүхээс хорих ялыг оногдуулах явдлыг багасгах зорилгоор электрон гавны тусламжтайгаар цахим хяналт тавина гэдгээрээ давуу талтай.
Гэрийн хорионд ял эдлэгч шүүхээс тогтоосон замаар л зорчиж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх боломжтой. Энэ төрлийн ялыг шинэ хуулинд тусгахдаа нэг сараас таван жил хүртэл хугацаагаар оногдуулах юм байна. Гэрийн хорионд байгаа этгээдийн байр байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ялтныг бусдад аюул учруулж болзошгүй гэж үзвэл тодорхой хүнтэй, эсхүл бусадтай харьцахыг хориглож ч болох юм билээ. Хэрвээ тогтоосон дүрэм зөрчвөл эдлээгүй үлдсэн ялыг хорих болгон өөрчлөх заалттай.
Түүнчлэн шинэ хуульд хорих ялыг гэрийн хорионд байлгах ялаар солих заалтыг оруулжээ. Тодруулбал хорих ялтай жирэмсэн эмэгтэйг төрөхөөс өмнө гурван сар, төрснөөс хойш хоёр жил хүртэл хугацаанд гэрийн хорионд байлгах боломжтой. Мөн хорих ялаар шийтгүүлсэн ганц бие эцэг, эхийг хүүхдийг нь хоёр нас хүрэх хүртэл нь гэрийн хорионд байлгах боломж шинэ хуулиар бүрджээ.
Б.ЦЭЛМЭГ

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …