Хэдийгээр эм тан гэдэг хүний өвдөлт зовиурыг арилгаж эдгээдэгч буруу хэрэглэвэл хор болдог учиртай. Ийм ч учраас Монгол Улсын ЭМЯ-наас хүний биед сөрөг нөлөөтэй, чанарын шаардлага хангахгүй зарим эмийг эмийн бүртгэлээс хасаж зарж борлуулахыг хориглосон. Гэтэл гэр хорооллын эмийн сангуудаар мэдээ мэдээлэл дутмаг авсан ард иргэдэд эмийн бүртгэлээс хасагдсан ПАРАЦЕТОМОЛ, ФТАЛОЗОЛ зэрэг эмнүүдийг худалдаалсаар байна.
Хэдийнээс хэрэглээд сурчихсан учир энэхүү эмнүүдийг эмчийн жоргүйгээр шууд л авч хэрэглэдэг. Гэтэл Парацетамолийг өндөр тунгаар хэрэглэх нь элэгний үйл ажиллагаанд сөрөг үр дагавартай. Мөн өөр эмнүүдтэй хавсарч хэрэглэвэл идэвхжин гаж нөлөө үүсгэх магадлал өндөртэй байдаг байна. Та бид гэдэс хямрахад хамгийн түрүүнд хэрэглэдэг фталазолыг олон улсад хэрэглэхээ болиод таван жил болж байна. Эдгээр эмүүд манай эмийн сангуудад зарагдсаар байгаа юм. Уг нь энэхүү эмнүүдийг орлох илүү чанартай эмнүүд гарч ирсэн ч нэг нь зарж нөгөө нь авч сурсанаараа хэрэглээд байгаа аж. Гэтэл эмийг олон шалтгаанаар бүртгэлээс хасдаг. Үйлдвэрлэгч тухайн зах зээлийг голох, эсвэл тухайн эмнээс гаж нөлөөлөл илэрсэн тохиолдолд нөгөөтэйгүүр бүртгэлийн хугацаа дууссан тохиолдолд эмийг улсын бүртгэлээс хасдаг байна. Түүнчлэн эмийн гаж нөлөө илрээгүй ч түүний дараагийн үе шат бүхий сайжруулсан эм гарсан тохиолдолд эмийг бүртгэлээс хасах тохиолдол бий.
Манай улс хүн ам цөөн хэрнээ 1200 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулдаг. Ард иргэд ч биед нь зовиур илэрхэд эмчид очилгүйгээр эмийн сан ордог. Тэгээд л дэлгүүрээс бараа сонгож буй мэт өөртөө онош тавьж эмийг уудаг нь буруу зуршил гэнэ. Нөгөө талаас манай улсад эмийн бодлого сул байгаа нь ард иргэдэд ийнхүү нөлөөлж байна.
О.Наранцацрал
Ugluu.mn