Намайг өнгөрвөл намын гишүүн биш гэж тооцоорой
Орчин үеийн улс нийгмийг авч явах хамгийн дэлгэрсэн, өнөөгийн нөхцөл байдалд хамгийн шилдэг арга нь улс төрийн намын тогтолцоо юм. Магадгүй ирээдүйд үүнээс сайн тогтолцоо олж болох ч өнөөдөртөө үүнээс дээр нь алга. Улс төрийн намгүй, намын оролцоогүйгээр сонгууль хийдэг цөөхөн газар өнөөдөр үлдсэн нь Номхон далайн жижиг арлууд ба хүн ам нь 20 мянгын дотор багтдаг. Бүгдээрээ биенээ сайн таньдаг ийм газар намаар дамжих нь утгагүй ч байж болох л доо.
Сүүлийн үед манайд улстөрийн намыг үгүйсгэх хандлага их гарах болсон ба үүнийгээ ард түмнийг талцуулдаг гэх аж. Гэтэл угаасаа хүний нийгэм нь сүргийн бүтэцтэй ба дотроо мөнхийн хагарал талцалтай явж ирсэн. Нутаг хошуу, гарал үүсэл, шашин, бэл бэнчин, удам угсаа, үзэл бодол гээд талцлын шалтгаан тоолж баршгүй. Стивинсон “Гүливэрийн аялал” зохиолдоо хоёр арлынхан өндгийг аль талаар нь хагалж идэх вэ, шовх талаар нь уу мохоо талаар нь уу хэмээн маргалдаж олон жилийн дайн хийсэн тухай шоглон бичжээ. Нийгмүүд ардчилахын хэрээр XVIII зууны үеэс улс төрийн нам хэмээх хүчнийг бодож олсон байна. Улс төрийн нам нь цагийн явцад төрийн сонгуулийг зохион байгуулдаг, төрд ажиллах боловсон хүчнийг бэлдэж өгдөг гол субъект болон өргөжсөн юм. Хүмүүс ч өөрийн төрийг сонгон буй болгохдоо шашнаар биш, хамаатан саднаараа биш, нутаг хошуугаараа биш, өндөгийг аль талаас нь хагалах маргаанаар биш, гагцхүү улс төрийн үзэл бодол, мэдрэмжээрээ талцан хүч хэрэглэлгүйгээр шалгаруулдаг болжээ.
Өнөөдөр дэлхийн 200 орчим орны гуравны хоёр нь сонгуулийн ардчилалтай болсон. Энэ нь төрийн эрхийн төлөө олон намууд өрсөлдөн хүн амын олонхийн саналыг авсан нь тодорхой өгөгдсөн хугацаанд төрийн эрхийг барина гэсэн үг. Өрсөлдөөн байхгүйгээр ганц нам хүч хэрэглэн төрийн эрхийг дагнан барих явдал коммунист, фашист, нацист засгийн үед гарч байсан ба одоо ч зарим хоцрогдсон болон дарангуйлалт дэглэмүүдэд байсаар байна. Нэгэнт олон нам зэрэгцэн оршихгүй юм бол мөнөөх улс төрийн нам гээч нь өөрийн үндсэн утгаа алдчихаж буй хэрэг юм.
Монголд 1990 онд олон намын тогтолцоо буй болсон, одоо дөнгөж 25 жил өнгөрөөд буй тул энэ нь тухайн замаар замнасан Европ, Америкийн орнуудтай харьцуулахад нялх ардчилал юм. Төлөвшөөгүй нийгэм төлөвшиж хөлд ортлоо олон жилийн замыг туулж олон бэрхшээлтэй тулгардагийн нэг жишээ нь Монголын өнгөрсөн 25 жил юм. Өнөөгийн ертөнцөд улс төрийн намууд төлөвшөөгүй байхад улс орон эмхэндээ орно гэдэг бараг санашгүй хэрэг. Арай гэж эмхрэх чиглэл рүүгээ явж буй улс төрийн намт тогтолцоогоо болохгүй байна гээд нураагаад хаячихвал чухамдаа дундад зууны бүдүүлэг хоцрогдсон феодлын тогтолцоо руу хар аяндаа гулсан орох болно.
Миний бие 1990 оны ардчилсан хөдөлгөөнд идэвхитэй оролцож, анхны улс төрийн намын нэгийг байгуулалцан удирдлагад нь орж явсан. 1998 онд Засгийн газрын гишүүн байхдаа сүүлийн 25 жилд хийгдсэн хамгийн том реформын нэг болох банк санхүүгийн шинэчлэлийг гардан хийх явцдаа улс орныг цөлөмсөн, хулгайлсан, шашмшигдуулсан олон луварчинтай үзэлцэж эцэст нь гүтгүүлж нэг мөсөн гутсан билээ. Эндээс гарсан дүгнэлт гэвэл өөрийгөө юутай ч улстөрч биш юм байна гэдгийг лавтайяа ойлгосон юм. Магадгүй хэтэрхий эмзэг, юманд амархан гомддог эрх танхил маягийн нэгэн байх л даа. Гэхдээ 1990 оны хувьсгалаар эрх чөлөө хэмээх хүний хувьд хамгийн үнэт зүйлийг олж авсан, энэ л надад хамгийн эрхэм бэлэг байлаа. 1998 оноос хойш би улс төрд огт оролцохоо больж аль болох хөндий явахыг эрхмэлдэг болсон нь угаас улс төрчийн одонд төрөөгүй, тийм авъяас билэг байхгүйгээ ойлгосонтой холбоотой.
Улстөрч хүн мэдээж хэрэг над шиг гоморхуу нялцгай байж болохгүй нь үнэн ч нөгөө талаас нийгмийн менежмэнтэд зүрх сэтгэлээрээ чин шудрагаар зүтгэдэг, олон нийттэй ажиллах ур чадвартай хүн байх ёстой. Одоо манай нийгмийн мэнэжмэнтийг хийж улс орноо удирдаж яваа хүмүүсийн дотор энэ шаардлагыг хангахуйц хэдэн хүн байна даа? Улс төрийн намууд өөрсдийн байх ёстой өнгө төрхөө бүрэн алдаж хулгайч, луйварчин, идээчин уугаачин, шамшигдуулагч, эрүүгийн элементүүд, эсвэл бүр сэтгэцийн айхавтар өвчин зовлонтой хүмүүс гол цөмийг нь дүүргэчихсэн нь ажиглагдахгүй байна гэж үү дээ? Эднээс яагаад салж болдоггүй юм бэ? Тээр жил нэгэн аймагт нэр дэвшигч бүх айлд хонины халуун хорхог тараагаад л төрийн жолоонд гарч байсан. Ингэхээр манай ард түмэн өөрснөө өөрсдийгөө ганц хорхогоор үнэлдэг шүү дээ. Бидний зовлон сонгогдсон, хуульчлагдсан хулгайч нарт байгаа юм биш, тэднийг сонгон дэмжин гаргаж ирсэн жирийн иргэдэд байна.
Баянголын гэгдэх шалгарсан, зартай, хуульчлагдсан хулгайч нэгэн байна. Төрд гарч тэрбумтан болсон луйварчдын тухай бичихдээ түүнийг зөндөө л ишилсэн. Ганц тэр биш үй олон байгаа юм чинь. Тэгсэн нийгмийн даатгалын сангийн бүртгэл рүү орж санаанаасаа юм олж оруулан бичээд намайг гүтгэжээ. Гол нь намайг гүтгэсэнд байгаа юм бишээ. Асуудал төрийн бүртгэлийг хувийн зорилгоор ашиглана гэдэг нь том гэмт хэрэг, энэ нь үйлдэл дээрээ баригдаж байгаа луйвар гэж хэлэх гэсэн юм. Хэсэг сэтгүүлчид миний саналыг сонсож нэвтрүүлэг хийхэд нь гол нь би энэ санааг хэлсэн юм. Харамсалтай нь сэтгүүлчид маань ур чадвар нь дутсан уу, хүний хэлснийг гүйцэд ойлгоогүй юу, эсвэл өнөөх хуульчлагдсан хулгайчаас айсан уу, юутай ч зах дээр хэрэлдэж байгаа авагайчуудын хэрүүл шиг юм болгоод зурагтаар цацжээ. Олон танил, найз нар маань “Ийм тэнэг дурактай битгий марга, тэр чигээр нь орхи, хулгайчийг нь цөмөөрөө мэднэ шүү дээ” гэж зөвлөж байсан. Бидний зовлон чухам энэ л юм даа. Ийм адгийн шаартай зууралдаад л новшроод байх сонирхол алга л даа. Гэвч хүн болгон амиа хоохойлж явсаар бид ямар орныг үр хүүхэддээ үлдээх болж байна!? Үүнийг ардчилал гэх үү? Үүнийг эрх чөлөө гэх үү? Үүнийг нийгмийн үнэт зүйлс гэх үү?
Гаалийн, иргэний, татварын, даатгалын бүхий л бүртгэл нь нууцын зэрэглэлтэй, засвар хийх нь эрүүгийн хуулиар хориглогдсон, улсын нандин өмч. Энэ рүү дуртай үедээ орон засвар хийх, эргүүлж татан мөрөө баллах нь эрүүгийн ноцтой гэмт хэрэг мөн. 10 мянган нас барсан хүнийг нийгмийн даатгалын бүртгэл рүү гурваас зургаан сарын хугацаатайгаар оруулан нэгэнтээ хүчингүй болсон тэтгэвэрийн мөнгийг нь хулуучихаад эргүүлээд бүртгэлээс нэрсийг татаад авчихсан гэмт хэргийн тухай яриа гарсныг би л лав үнэн гэж бодож байна. Тэгэж байж л хязгааргүй их хөрөнгөтэй болсон байж таарах байх. Өөр тайлбар байна уу?
Энэ хуульчлагдсан хулгайч нь манай өнөөгийн нийгмийн нэг л ердийн төрх. Өнөө сүржигнээд байдаг АТГ, прокурор, цагдаа, тагнуул, шүүх хаана явна? Аягүй бол одоо надтай ноцолдоод унана, харж л байгаарай. УИХ-ын гишүүн халдашгүй эрхтэй байдаг нь үнэн ч энэ нь хууль тогтоох хурлын дотор хүчинтэй болохоос үйлдэл дээрээ гэмт хэрэг нь баригдвал шууд л ачдаг хуультай юм шүү дээ. Дархлагдсан хулгайчтай байж бай гэж энэхүү халдашгүй эрхийн хууль гаргасан юм бишээ, хууль тогтооход ямар ч санал гаргасан бай түүнийхээ хариуцлагыг хүлээхгүй л гэсэн санаа. Гишүүн Нямдорж, Портуун нарын буй болгосон 68 хувийн татварын хууль нь Монгол орныг нинжа хэмээх гэмт бүлэглэлийн гарт өгч улс орныг сүйрүүлсэн ч гэсэн дээрх нөхөд халдашгүй эрхийн хуулиар хуулийн хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Хоорондоо ялгаатай шүү, прокурор оо, атэгэчин гуай.
Дээрх дархлагдсан хулгайчид өгсөн миний хариу эцэст нь авгай нарын хэрүүл шиг нийгэмд харагдаж буйд маш их харамсаж байна. Хулгайч өөрөө ч үүнийгээ ердийн атаа жөтөө, сонгуулийн өмнөх жүжиглэл болгож харагдуулан хийсэн гол гэмт хэргээ замхруулах гэж мэрийгээд байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр Ардчилсан намынхан хоорондоо хөлөө жийлцэж байна гэж мэдээлэх боллоо. Биенийхээ дээр гараад байх юмгүй бараг Монголын бүх улс төрийн намуудын удирдлага өнөөдөр дархлагдсан хулгайч, эсвэл мэдэрлийн цочмог өвчтэй хүмүүсээр дүүрчээ. Би сүүлийн 16-17 жил аль ч улстөрийн намын үйл хэрэгт оролцоогүй, өөрийгөө чөлөөт иргэн хэмээн бодож явсаар ирлээ. Гэвч Ардчилсан намын бүртгэлтэй явсаар байгаа. Одоо нэрээ татаж аваад хасуулъя даа. Ийм хүмүүстэй, ийм удирдлагатай нэр холбогдон явах минь шившгийн хэрэг.
Өнөөдөр Монголын нийгэмд буй улстөрийн нам гэвэл Ардчилсан нам, Ардын нам хоёр л байна. Байгаа нь л энэ, хошногоо өмхий гээд тайрдаггүй. Энэ хоёр нам төлөвшинө, улс орныг эмхэнд нь оруулна, эрүүл саруул өрсөлддөг болно, нийгмийн мэнэжмэнт явуулж чаддаг болно гэдэгт би итгэдэг. Гэхдээ өнөөдөртөө биш. Нэг талаас манай ард түмэн шил архи, ганц хорхогоор өөрийгөө худалдчихдаг хэвээрээ байна. Нөгөө талаас чухамдаа ардчилсан нийгмийг далимдуулж нийгмийн хамгийн адаг шаар нь дээшээ гараад ирдэг Хаекийн сануулга бидний хувьд хүчинтэй хэвээр байна. Хоёр намын хувьд өнөөдөртөө өөрсдийн толгой дээр чинь гараад суучихсан дээрэмчид луйварчдаас юун түрүүн салмаар байна. Үүний тулд олон нийтийн дэмжлэг аваач. Тус болгондоо зуу зуун мянган гишүүнтэй гэж бардамагнаад байдаг биз дээ. Тэднийгээ татан оролцуулаач. Наад луйварчид чинь өнөөгийн Монголыг засаг захиргааны нэгжээр нь хуваагаад авчихсан, үнэн хэрэгтээ хувьчилчихсан феодалууд шүү дээ. Мөнөөх Баянголын гайхал гэхэд дүүргийн иргэдийн төлөөлөлд дан өөрийн хамаатан болон хамсаатнаа чихчихсэн учир дураараа дургиж чадаад байгаа юм. Улс орноо хулгайч нараас чөлөөлье. Наадуул чинь ердийн хармайны хулгайчаас дээшээ гараад өдгөө төрийн нэр барьсан дээрэмчид болон өсөн бойжсон. Өөрийнхөө төлөө өөрөө ядахнаа ганц алхам хийгээч хүмүүсээ, ингэж бэртэгчин зан гарган биенийхээ араар орж хувиа хичээсээр байтал нэг мэдсэн чинь гэмт этгээдүүдийн гарт орчихсон байна шүү дээ, та нар. Хулгайчийн байх газар гагцхүү шорон. Ингэж Путин хэлсэн юм шүү.
Социализмын хувьсгалт урлагийн “онигоонд” “Намайг үхэхээр намын гишүүнд тооцоорой” гэсэн марзан үг сонсогддог. Харин намайг л тэгэж битгий тооцоорой, гуйя.
Баабар
2015.12.17