Бүтэн жилийн турш хийж бүтээснээ хэлэлцэж, тухайн онд хамгийн үр бүтээлтэй ажилласан нэгнээ шилдгээр өргөмжлөх гээд шинэ жилийн баяраар тэмдэглэх асуудал мундахгүй. Тиймээс наргиан цэнгээн л учраас архи, дарс байх нь ойлгомжтой. Гэвч манайхны баяр, цэнгэл эцсийн хязгаар хүртэл үргэлжилдэг нь харамсалтай.
Нэгэн мундаг санхүүч бүсгүй 2013 оны байгууллагынхаа “шилдэг ажилтан” болж. Гэвч энэ баяртай мэдээг ар гэрийнхэндээ дуулгаж чадалгүй хорвоог орхисон харамсалтай хэрэг орон нутаг гарлаа. Бидний эцсийн хязгаар хүртэл баярладаг “муухай Монгол зан”-гийн гай. Тэгвэл орон нутаг нэгэн шилдэг ажилтан осгож хорвоог орхих үед нийслэлд таван хүн баяраа тэмдэглэхээр гэрээсээ гараад харьж чадсангүй. Маргааш нь арваад хүн мөн л шинэ жилийн арга хэмжээнээс тараад харих гэж яваад осгож нас барсан гэх таагүй мэдээг Цагдаагийн Ерөнхий газраас хэвлэлийнхэн мэдэгдэж байна.
Баяр ёслол л юм хойно архи, дарс уух нь мэдээж хэрэг. Гэвч эцсийн үр дүн нь хүний амь настай холбогдоод ирэхээр ямар юмных нь баяр байхав дээ. Тун харамсалтай.
Саяхан нэлээд оройхон ажлаа тараад харьж явтал цэцэрлэгийн хашаа дагаж гуйвсан бүсгүй хүн урд алхаж явна. Баярын сархадаа хэтрүүлсэн бололтой. Өндөр өсгийт дээр явж ядан унаж, босно. Шилэн торко, булган шубээр гоёсон бүсгүйд даанч туслаад түшээд явах хүн надаас өөр таарсангүй. Би ч дургүй байсан ч хаяад явж чадсангүй. Гэтэл өнөөх бүсгүй манай дээд айлын танил эгч байж таарлаа.
Гэртэйгээ ойрхон ресторанд баяраа тэмдэглэсэн. Ажлыхан нь цаашаа үргэлжлүүлэх гэхээр нь эртхэн харих санаатай нууцаар гараад ирж. Тэгсэн салхинд алхаад бүр согтчихлоо. Нөхрөө дуудах гэсэн утасны цэнэг дуусчихсан байна. Тэгээд л хашаа түшээд алхаж яваа гэдгээ хэллээ. Би ч зам нэг, мөн танидаг хүн болохоор хүргэж өгөхдөө төвөгшөөсөнгүй.
Байрны танил эгчид аз дайрлаа. Гэтэл түүнтэй адил хэчнээн бүсгүй шинэ жилийн баяраа тараад хашаа даган алхаа бол эсвэл алхах бол эсвэл бүр орон нутгийн санхүүч бүсгүй шиг осгож, баярын дараа зул асаах бол.
Уг нь бид ууж болох ч дараагийн хяналтаа сайжруулмаар л байна. Баярын дараа согтсон нэгнээ хүргээд өгчихдөг, ядаж таксинд суулгаад өгдөг, бүр болдоггүй юм бол гэрийнхэнд нь хэл дуулгачихдаг бол хорвоог орхисон хүмүүсээс хэд нь амьд байх байсан бол оо. Гэхдээ шинэ жилийн баярын үйл ажиллагаа дуусах яагаач үгүй байна. Тиймээс баяраа тэмдэглэх гэж байгаа албан байгууллагууд энэ асуудалд анхаарлаа хандуулж, зөв соёлтой, хамгийн гол нь баярын маргааш харамсаж суухааргүй сайхан баярлана гэдэгт итгэж байна. Өнөөдөр баярлаж, маргааш нь “зул асаах”-ыг хэн ч хүсэхгүй биз дээ.
А.Аюуш
Gentleman /та бол жинхэнэ эр хүн/ хуудас