Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 17/16 тоот тогтоолын дагуу Нийслэлийн есөн дүүргийн хороодод Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөрийн хүрээнд бичил бизнесийг дэмжих тухай тогтоол гарсан байдаг. Улмаар хороо бүрт хадгаламж зээлийн хоршоо байгуулагдан Санхүүгийн зохицуулах хорооноос “санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрөл аван ажиллах болсон. Зарим хороо дүүрэгт зээлийн үзүүлэлт сайтай, бичил бизнесээ өргөжүүлэх иргэдэд өгөөжтэй байгаа бол харин зарим нэр бүхий хадгаламж зээлийн хоршооноос гомдол ихээхэн гарах болсон. Хадгаламж зээлийн хоршоодын гишүүнчлэлийн бүртгэл хэмээн 45 000-50 000 төгрөг, бүртгэлийн хураамж 10 000 төгрөгийг аван үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг. Тухай бүрийн хадгаламж зээлийн хоршоодыг тэргүүлж байгаа гүйцэтгэх захирал, дэд дарга нар нь өөрийн танил, хамаатан садангийнхандаа барьцаагүй зээл өгдөг, иргэдийг ялгаварлан гадуурхдаг, зүй бус харьцдаг хэмээн гомдлох иргэд цөөнгүй байна.
Санхүүгийн туслалцаа хэрэгтэй болон харьяа хадгаламж зээлийн хоршоодод хандан үйлчлүүлэх иргэдэд санхүүгийн туслалцаа тайлбарыг хангалттай үзүүлэхгүй байна. Иргэдийн гомдоллож байгаа нь “барьцаа хөрөнгө чинь хүрэлцэхгүйн улмаас зээл өгөхөөс татгалзав” хэмээн өгдөг ганц өгүүлбэр. Зээлийн барьцаанд дутагдалтай бол “зээлийн батлан даалтын сан”-гаас батлан даалтанд оруулахаар хэн ч хэзээ ч зөвлөдөггүй, хөөцөлддөггүй. Зээл горилон яваа иргэд 55 000-65 000 төгрөгийг төлөөд дээрх нэг өгүүлбэрээ л сонсдог. Гэтэл ИТХ-аас нэгэнт гаргасан тогтоол шийдвэрийн үр дүн, сайн мууг хэлэлцэж ярилцах, шүүн тунгаах эргэх холбоо байдаггүйн гай. Шалгалт нь бичиг баримтын хүрээнд хийгддэг, иргэдийн гомдлыг хүлээн авдаггүй.
Тэгвэл үүний цаана ИТХ-ийн тогтоолд жилд 3000 доошгүй иргэнийг бүртгэн сургалтанд хамруулан үйлчлэх ёстой гэсэн байдаг тэгвэл нэг иргэний хураамж 45000 төгрөгөөр бодоход жилд 135 000 000 төгрөгийг бичил бизнесмэн нэрээр “тоншдог” байна.
Нийтэлсэн: Саран