Орон сууцны үнэ талийчихлаа, ард бид хаана амьдрах вэ

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж  байгаа найман хувийн хүү­­тэй орон сууцны ипотекийн зээлийн журам хэрэгжиж эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байна.

Энэ хугацаанд өмнө нь олгосон ипотекийн зээлээс 777.4 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт арилжааны банкуу­­дад иржээ. Үүнээс нь арилжааны банкууд хянаж үзээд 13267 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэхдээ 375.8 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийнх нь хүүг найман хувьд шилжүүлээд байгаа ажээ.

Иргэд 203.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас арилжааны банкууд  2333 иргэнд 117.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгоод байгаа юм байна.

Шинэчлэлийн Засгийн газар ийнхүү иргэдээ орон сууцтай болгохоор алгуурхан ч гэсэн ажиллаж л байна.

 Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр өдрөөс өдөрт эрчтэй  дээшилж байгаа орон сууцны метр квадратын үнийг эцэг эхээсээ өрх тусгаарлахаар өдрийн бодол, шөнийн зүүд болж яваа залуу гэр бүлүүд байтугай дундаж орлоготой, төрийн албан хаагч гэр бүлүүд ч дийлэхгүй хоёр гараа өргөөд эхэллээ. Сү.Батболдын толгойлж байсан өмнөх Засгийн газрын 100 мянган айлын орон сууц хөтөлбөр нуран унаж, дампуурснаар эхэлсэн орон сууцны үнийн хөөрөгдөл өнөөдөр жинхэнэ утгаараа “галзуурч” байна.

Одоо орон сууцны компаниудын хамгийн сайн мэргэшсэн арга нь чанар муутай, хямд материалаар босгосон  хулхины барилгуудаа  хоёр, гурван он дамнуулан барьж үнээ хөөргөдөг тун зальжин, явуургүй арга болчихоод байна. Хоёр жилийн өмнө урьдчилгаа төлбөрөө төлчихсөн иргэд өнөөдөр арай ядан шинэ байрандаа орох гээд очиход өмнөөс нь “Хоёр жилийн өмнө сая төгрөг байсан метр квадратын үнэ өнөөдөр сая есөн зуун мянга болсон.

Энэ зөрүүгээ төлөөд байрандаа орвол ор, орохгүй бол дараагийн мөнгөтэй хүнд нь өгнө” гэж тас загнаад хөдлөхгүй сууцгааж  байна. Ядаж байхад өнөөдөр Улаанбаатарт шинэ хороолол байтугай, дориухан хэдэн том орон сууц зэрэгцүүлэн барих газар үлдээгүй гэхэд болно.

Улаанбаатарын өм­нөх удирдлагуудын хээл хахууль, танил талаараа сүлбэлдэн хуваан авсан газрын үнэ өдрөөс өдөрт талийсаар өнөөдөр зүрх муутай хүн сонсвол багтарч унамаар болсон нь хэнд ч нууц биш. Тэгээд ч Улаанбаатар уртаашаа л тэлнэ үү гэхээс өргөөшөө тэлэх боломж байхгүй. Энэ бүх шалтгаан, нөхцөл дээр дөрөөлсөн барилгын компаниуд ёстой л аманд орсон үнээ хэлж өнөөдөр Улаанбаатарт ши­нээр ашиглалтад орж байгаа орон сууцыг  банкинд өр тавин авч дийлэх хүмүүсийн тоо өдрөөс өдөрт хумигдаж байна. Голдуу 40-80 метр квадрат орон сууцыг  15-20 жилийн банкны зээлээр авч байгаа иргэдийн хувьд амьдралын хамгийн гол хэрэгцээ болсон орон байр­тай болж байгаа нь маш том дэвшил хэдий ч банкны зээлийн жилийн хугацаагаар бас л дутуу гачуу, сэтгэлийн зовиуртай амьдарна гэсэн үг. Үүн дээр унтаад босоход л үнэ нь нэмэгдэж байгаа орон сууцны үнийн хөөрөгдөл  Улаанбаатарчуудыг сэтгэ­лийн хямрал, дарамтанд оруу­лах өнөөдрийн хамгийн том зовлон болоод байна.

Яг одоо Зайсанд баригдаж байгаа орон сууцны нэг метр квадратын үнэ таван сая төгрөгт  хүрч байгаа бол “Ургах наран, Шинэ өглөө” хорооллын нэг  метр квадрат нь сая хоёр зуун мянга байгаа нь хамгийн хямд үнэ болоод байгаа юм. Баянзүрх дүүрэгт  Жуковын музейн хойно, дүүргийн Засаг даргын тамгын газрын зүүн талд ашиглалтад орохоор бэлтгэж байгаа орон сууцнуудын нэг метр квадратын үнэ хоёр сая төгрөгт хэлбэлзэж байна. Орон сууцны үнийг дүүргээр нь аваад үзвэл Сонгинохайрхан дүүрэгт шинэ орон сууцны нэг метр квадратын үнэ 1.2-2 сая төгрөгт хэлбэлзэж байгаа нь өнөөдөр хамгийн хямд үнэтэйд тооцогдож байгаа юм. Тэгвэл шинэ орон сууцны метр квадратын үнэ хамгийн өндөр байгаа Сүхбаатар дүүрэгт барилгын компаниуд дунджаар 1.7-4.2 сая төгрөгийн үнэ хэлчихээд “Авбал ав, байвал бай” гээд сууцгааж байна.

Өнөөдрийн энэ хөөсөрсөн орон сууцны үнийг 2010 онтой харьцуулбал 65.7 хувиар өссөн үзүүлэлт харагдана. Энэ нь 2012 оны мөн үетэй харьцуулахад 2.9 хувиар өссөн хэрэг бөгөөд цаашдаа улам л өсөхгүй гэсэн баталгаа байхгүй. Шинэчлэлийн Засгийн газар цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлж инфляци хөөрөгдүүлэхгүй гэсэн байр сууриндаа хатуу зогсож байгаа. Энэ нь ч үр дүнгээ өгч инфляци зургаагаас найман хувийн хооронд хэлбэлзэж байгаа нь бидний санааг бага ч болтугай амраах сайн мэдээ мөн.

Гэхдээ  өнгөрсөн    наад­маар 1470 төгрөгтэй тэнцэж байсан ам. доллар 20 хүрэхгүй хоногийн дотор огцом өсч, өнөөдрийн байдлаар 1505 төгрөгтэй тэнцэж байгаа нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа орон сууцны үнийн хөөрөгдөлд нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Өнөөдөр орон сууцны ипотекийн зээлд хамрагдах болзол хангасан залуу гэр бүлүүд  худалдан авах байрныхаа урьдчилгаа төл­бөрт 18-38 сая төгрөг төлөх шаардлагатай. Үнэн­дээ цалингаас цалингийн хооронд өр, зээл тавин амь­дардаг өнөөдрийн бид бүхний амьдралын түв­шин­тэй харьцуулбал орон сууц­ны урьдчилгааны 20 сая төгрөг гэдэг үнэхээр хүнд даваа мөн. Бүх л бололцоогоо шавхан урьдчилгааны мөн­гийг төлөх гэж хашаа бай­шин, газар, машин тэрэг гээд өөрт байгаа бүх л хөрөнгөө заран мөрөөдөл болсон орон сууцаа өөрийн болгохоор зүтгэж, тэмцэж байгаа залуучуудад өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа орон сууцны метр квадратын үнэ ёстой л давахын аргагүй чулуун хана хэрэм болж эхэллээ.

Хэрэгжээд сар гаруй болж байгаа орон сууцны ипотекийн зээлийг дагаад орон сууцны эрэлт хэрэгцээ огцом нэмэгдсэнээр ний­лүүлэлт нь хоцорч, ийнхүү орон сууцны метр квадратын үнэ ганцхан сарын дотор 150-300 мянган төгрөгөөр нэмэгдчихлээ. Нөгөө талаар дулааны улиралд орон сууцны ба­рилгын гол ажлууд хийгд­дэг манай орны хувьд гурав, дөрөвдүгээр улиралд шинэ байрнууд ихэвчлэн ашиглалтад ор­дог.

Өнөөдрийн байдлаар барилгын компаниуд энэ жил ашиглалтад хүлээлгэж өгөх барилгууд дээрээ бүх хүчээрээ ажиллаж байгаа ч найман хувийн зээлд хамрагдсан иргэд ганц өдөр ч алдахыг хүсэлгүй олноороо байр хайж, тэдний эрэлт, хүсэлтийг нийлүүлэгч компаниуд хангаж чадахгүй байгаагаас орон сууцны үнийн зохиомол хөөрөгдөл үүсээд байгааг ч тэмдэглэх нь зүйтэй. Уг нь барилгын компаниуд зах зээлд шинээр баригдсан орон сууцнуудаа борлуулж эхэлдэг намрын улиралд  орон  сууцны   най­ман хувийн зээлээ хэрэг­жүүлж эхэлсэн бол өнөөд­рийнх шиг орон сууцны үнийн гэнэтийн хөөрөгдөл үүсэхгүй байх боломжтой байв. 2013 онд барилгын компаниуд нийтдээ 18 мянга орчим орон сууц ашиг­лалтад оруулна гэсэн тоо­цоо хийснээс өнөөдрийн байдлаар хэрэгжилт нь 53 хувьтай явж байгаа ажээ. Энэ тооноос харахад ний­лүүлэлт нь эрэлтээсээ хоёр дахин хоцорч яваа дүр зураг харагдаж байна.

Монголбанкны Ерөнхий­лөгч Н.Золжаргал “Орон сууцны найман хувийн зээл бол хэзээ ч зогсохгүй, үргэлжлэх процесс” гэж хэлсэн. Ард иргэдийн хам­гийн амин чухал хэрэгцээ болсон орон сууцны найман хувийн зээлийг дагасан үнийн хөөрөгдөл ямартай ч бужигнаад эхэлчихлээ. Энэ янзаараа бол орон сууцны талийж өгч байгаа метр квадратын үнэ буух нь байтугай өдрөөс өдөрт нэмэгдсээр л байх нь гарцаагүй боллоо. Ганцхан сарын өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Найман хувийн зээлтэй зэрэгцэн шинээр ашиглалтад оруулж байгаа орон сууцныхаа үнийг дур мэдэн нэмсэн барилгын компаниудтай Шинэчлэлийн Засгийн газар хамтарч ажиллахгүй төдийгүй, цаа­шид энэ салбарт ажиллах эрхтэй нь хатуухан ярина” гэсэн билээ.

Магадгүй үнээ нэмээд байгаа барилгын компаниуд Ерөнхий сайдын хараанд өртөж бүгдээрээ ажилгүй болцгоох юм болов уу. Тэгвэл үнэтэй ч гэсэн барилга барих компанигүй болж, найман хувийн зээл ч “таг, чиг” болох байх даа. Орон сууцны үнэ өдрөөс өдөрт талийгаад байдаг. Одоо ер нь яадаг хэрэг вэ.

images (1)

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …