Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны засаг дарга С.Амарбаясгалантайярилцлаа.
–Танай хорооны орц бүрийг камертай гэж сонслоо. Тэгэхээр орцондүйлдэгддэг элдэв хэрэгт цэг тавьсан гэсэн үг үү?
-Манайх хотын төвийн гэр хороололгүй хороо л доо. Тэнгис хавийн орон сууцнууд хамрагддаг юм. Иргэдээс орц руугаа аюулгүй орохсон гэсэн хүсэлт их ирдэг учраас сүүлийн хоёр жил энэ чиглэлээр түлхүү ажиллалаа. Орц бүрээ камержуулсан нь ийм учиртай. Мэргэжлийн харуул хамгаалалтын алба 24 цагийн турш хариуцаж ажилладаг юм. Орцонд үйлдэгддэг гэмт хэрэг өнгөрсөн жил гэхэд огт гараагүй. Өмнө нь нийт гэмт хэргийн 23.2 хувийг орцонд үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байсан. Дунджаар 30-40 гэмт хэрэг орцонд байнга үйлдэгддэг байсан гэсэн үг. Бүх байрныхаа орцны кодыг байнга анхаардаг. Код нь эвдэрлээ л бол солиулдаг. Манай хороо хуучны есөн давхрууд олонтой. Хуучин байрнуудын лифт шөнийн 24.00 цаг гээд зогсчихдог. Харин манай хорооны хуучин байрнуудын лифт 24 цагаар ажиллаж байгаа. СӨХ-тойгоо ярилцаад ийм үр дүнд хүрсэн. Орцонд дээрэм тонуул, хүчингээс эхлээд хэцүү хэргүүд их гардаг. Тэр утгаараа гадна талын тохижилт гэхээс илүүтэй аюулгүй байдалд анхаарч байна. Гадна тал нь гоё хэрнээ орц руугаа ороход айдастай байвал ямар олиг байхав. Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах чиглэлд цогц арга хэмжээ авч хэрэгжүүллээ.
–Сая гэхэд хоёр охин орц руу ороод өөрсдийгөө боомилсон харамсалтайхэрэг гарсан. Танай хорооны хувьд ийм эрсдэл гарахаас бүрэн сэргийлсэнгэж ойлголоо?
-Иймэрхүү хэрэг гарах ямар ч боломжгүй. Камерыг харуул хамгаалалтынхан 24 цагаар хянаж байгаа.
–Харуул, хамгаалалтынхны цалинг яаж шийдсэн юм бол?
-Санхүүжилт бол маш том асуудал. СӨХ-тойгоо ярьж байгаад шийдсэн. СӨХ, хороо, харуул хамгаалалтын алба гэсэн гурвалсан гэрээ хийгээд тодорхой хэмжээний мөнгийг СӨХ-ноос гаргуулаад ажиллаж байна. Өмнө нь энэ асуудлыг цагдаагаас шийдэх гэж үзсэн л дээ. Төсөв мөнгө, орон тоо байхгүй гээд нэлээд хүндрэл байсан. Үнэтэй хороолол, байшингуудад хүмүүс аюулгүй амьдардаг. Тэдэн шиг хуучны байрнуудад амьдардаг хүмүүс ч гэсэн аюулгүй амьдарч болно гэдгийг баталж харуулахыг л хүссэн юм. Санаснаа ажил болгоод явж байна.
–Нийслэлд танайх шиг орц бүртээ камертай хороо байна уу?
-Манай хороо анхдагч нь. Бусад хороонууд ингэх нь зөв юм байна гээд туршлага судлаад явж байгаа. Өвлийн цагт орон гэргүй улс орцонд ороод хог шатаах, бункерт хоноглохоос эхлээд өчнөөн асуудал байсан бол өнөөдөр шийдэгдсэн. Өмнө нь СӨХ, орцны жижүүр шийдэж чаддаггүй байлаа. Иргэд манай орцонд ийм хүн унтаж байна гэх мэт мэдээллээ харуул, хамгаалалт руу өгчихөд л асуудалгүй. Манайтай гэрээ байгуулсан хамгаалалтынхан хоёр минутын дотор очоод асуудлыг шийдэж байгаа. Энэ жил болж өгвөл гадна талаа бүрэн камержуулъя гэж бодож байна. Дотор камер, гадна талын камер гэж бүрэн цогц сервер үүсгээд мэргэжлийн харуул хамгаалалт 24 цагаар хянадаг болбол бүр хэрэгтэй. Хорооны нутаг дэвсгэрт гарах гэмт хэргийн гаралт эрс буурна. Түүнээс биш гэмт хэргээс урьдчилан сэргийлье гэсэн бичигтэй цаасыг орцныхоо үүдэнд наагаад үр дүн гарахгүй.
–Танайх шиг орон сууц голдуу хороонууд хэрэгжүүлэхэд болох л юм байна?
-Бүрэн боломжтой. Санхүүгийн хувьд СӨХ-тойгоо яриад шийдчих боломж байгаа.
–Орцонд гардаг гэмт хэрэг байхгүй болчихсон гэхээр иргэд их таатайхандаж байгаа байх. Талархлаа илэрхийлж ирэх тохиолдол байна уу?
-Олон хүн биечилж ирж баяр хүргэсэн. Саяхан нэг оршин суугч орж ирээд “Эгч нь ээлжийн ажилтай учраас шөнө 12 цагаас тардаг юм. Орц руугаа орохын тулд утас, ээмэг, бөгж гээд аль үнэтэй бүхнээ гэдэс рүүгээ хийж ордог байсан. Одоо ямар ч айдас алга. Гэрэл, камер, лифттэй сайхан байна. Маш их баярлалаа” гэж хэлсэн.
–Сүүлийн үед иргэд ямар асуудлаар хороондоо хандаж байна?
-Ихэвчлэн халамж тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал, орон сууцны хөнгөлөлтөөр их ханддаг. Он гарснаас хойш явагдаж байгаа ажил гэвэл цэргийн бүртгэл. Нэгдүгээр сарын 6-24-ний хооронд цэрэг татлагатай холбоотойгоор цэргийн насны хүмүүс орон даяар бүртгүүлж байгаа. 18-50 насын бэлтгэл офицер, хурандаа, генерал гээд бүгдээрээ бүртгүүлнэ. Манай хорооны хувьд бүртгэл харьцангуй өндөр хувьтай байна. Иргэний үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол хоёр хувь цээж зураг, ажлын газрын болон оюутны үнэмлэхтэйгээ ирэхэд болно. Ажлын өдрүүдэд 08.30-19.00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд бүртгэж байгаа. Хүүхдийн хорин мянгатай холбоотой амьжиргааны түвшнээ дахин тогтоолгох хүсэлт иргэдээс их ирж байна. Манай хорооны 1267 өрхийн 938 нь дахиж шинээр үнэлгээ гаргуулахаар хүсэлтээ өгсөн. XVII түвшнээс дээш ангилалд орсон хүмүүс түвшнээ дахин тогтоолгох хүсэлт гаргаад байгаа гэсэн үг.
эх сурвалж: dnn.mn