ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Засгийн газрын 113 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьжээ. Ингэснээр, хүүхдийн мөнгө ялгаваргүй, хуучин хэвээр олгогдох нөхцөл бүрдэнэ. Гэхдээ дээрх тогтоолын төслөөс үл хамааран өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд заавал хамрагдах ёстой ажээ. Хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хуулбарыг мөнгө авах хүсэлтийн хамт энэ сарын 15-ны дотор харьяа хороондоо өгөх шаардлагатай юм.
Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдаагүй, 18-20 дугаар бүлгийн хүүхдийн мөнгө авах хүсэлтэй иргэд хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл гаргаснаар хүүхдийн мөнгө авах эрх нь үүсэх юм байна. Харин уг судалгааны 1-17 дугаар бүлгийн өрхөд багтсан хүүхдүүдэд сар бүрийн 20 мянган төгрөг хэвийн олгогдох аж.
Энэ хугацаанд багтаж хүсэлтээ өгөөгүй тохиолдолд эхний сарын буюу нэгдүгээр сарын хүүхдийн мөнгө олгохгүй юм. Мөн өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдаагүй айл өрх энэ судалгаанд заавал хамрагдах ёстой гэж албаны эх сурвалжаас мэдээллэв.