- Барилгын компаниудын рекламдаж байгаагаар бол бүгд сайн байр баймаар. Гэтэл хэсэг амьдраад үзэхээрээ иргэд шүүмжлэлтэй хандаж эхэлдэг. Энэ талаар?
- Салбар хөгжих тусам өрсөлдөөн үүсч тэр нь салбарынханы үйл ажиллагааны чанарыг сайжруулж байдаг. Барилгын компаниуд байраа зарахын тулд мэдээллээ өгдөг. Энэ бол бизнес, барилгын компаниуд барилгаа зарна. Сайн байр авсан уу муу байр авсан уу худалдан авагчдын сонголтоор хийгдсэн шийдвэр байдаг. Энд реалтор буюу зах зээл дээр нь ажилдаг туршлагатай хүмүүс хэрэгтэй. Хөгжсөн ҮХХ барилгын зах зээл дээр реалторууд борлуулалтын компаниуд ажилладаг болохоор зарж байгаа хүн нь ч харьцуулах судалгаа мэдээлэлтэй бас сонголт ч өргөн байдаг.
- Зуучлалын мэдээлэл зөвлөгөө үнэ төлбөргүй гэсэн үү?
- Үнэ төлбөргүй байдаг. Бид тогтсон борлуулалтын гүйцэтгэлээр барилгын компаниудаас орлогоо олдог, тэрнээс зарж байгаа байрнууд дээрээ мөнгө нэмж ашиг шингээх ч юмуу байр зарахын тулд иргэдээс мөнгө авдаг зүйл байхгүй. Хэрэглэгчид тэнэг биш шдээ, бүгд өөрсдөө мэдээлэлтэй судалчихсан байдаг. Манай компани дээр зарагдаж байгаа байруудыг авая гэвэл ямарч хөлс манайд төлөхгүй, харин ч мэдээлэл хэрэгтэй үед зөвлөгөө өгнө, үнийг нь буулгаж өгнө бас машинаар ч үйлчилнэ.
- Дэлхийн том том баячууд үл хөдлөхийн бизнестэй байх юм. Энэ тийм амархан баяждаг бизнес үү?
- Буруу ойлголт байна. Үл хөдлөх хөрөнгийн “бизнес” чинь хөрөнгө оруулалтын бизнес шүү дээ. Зуучлал бол өөр хэрэг, хүний хөрөнгийг хүнд зардаг. Та маш их хэмжээний жишээ нь дэлхийн баячуул шиг хөрөнгөтэй бол өөрийн эрхгүй үл хөдлөхийн бизнес рүү орно.
- Эдийн засаг хямрахаар үл хөдлөх хөрөнгө худалдаж ав гэх ойлголт байх юм. Энэ хэр үнэний ортой вэ?
- Эдийн засгийн хямралын үеэр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гадаад валютын ханш болон инфлиацаа дагаад буурдаг. ҮХХ нь гутал хувцас шиг 50-60 хувь үнэ нь буурдаггүй л дээ. Одоогийн байдлаар орон сууцны үнэ 15 орчим хувиар буураад байна, тэхдээ бодит дүнгээр шүү. Нэрлэсэн үнийн болон судалгааны хувиар биш, яаг үнэ хөлсөө яриад бартер солилцоогоо хийгээд гар дээр солилцдог үнийн дүнгээр. Гэхдээ барилгын компаниуд материал, хувьсах зардал, ажилчдын зардал гээд бүх зүйлээ шингээгээд дараа нь ашигаа нэмээд үнэлгээгээ гаргаж ирж байгаа хэрэг. Яахав ганц нэг тохиолдолд зарагдахгүй олон бартер солилцоогоор орж ирсэн байрнуудыг байлгаж байхаар бага зэрэг хямдруулаад бизнесээ цааш үргэлжлүүлье гэсэн бодол, маннер байдаг байх. Энэ нь зах зээл тэр чигээрээ гэсэн үг биш, тодорхой компаниудад бол ажиглагдаж байна. Хүнд яг байр орон сууц худалдаж авах хэрэгцээ гарвал хямарсан хямараагүй хамаагүй дашням, балжиннямтай өдрүүдэд борлуулалтууд сайн байдаг.
- Найман хувийн хүүтэй зээлийг таван хувь болгоно гээд яригдаад байна, энэ салбарт бизнес эрхэлж байгаа хүний хувьд юу гэж харж байна?
- Иргэн хүнийхээ хувьд би баярлаж байна, салбарын бизнес эрхлэгчийн хувьд тогтворгүй моргэйжийн бодлогод нь бухимдаж байна. Хэрэглэгчид болон барилгын компаниудад бол таатай мэдээ. Ази тивийн ҮХХ моргэйжийн зээлийн хүү ихдээ л 5 хувь байдаг.
- Гэртэй хүүхдээ харж байгаа эхчүүдийг реалтор болгосон байсан. Энэ талаараа?
- Би энд нэг зүйлийг маш зөв санаачилсанаа саяханаас илүү их мэдэрч эхлээд байна. Хүүхдийнхээ эрүүл аюулгүй орчинд эх хүн хайр халамжтайгаар өсгөн үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа ҮХХ борлуулах анхан шатны мэдээлэл түгээх ажлыг гэрээсээ хийж өгсөнөөр тодорхой хувийн орлогыг нь авах боломжыг нээсэн юм. Мэдээж сургалт зөвлөгөө мэдээллийг маш сайн хангаж өгнө. Ээжүүд үр дүнтэй ажиллавал сардаа нэг сая төгрөгний цалин ч авах боломжтой. Манай группд тийм туршлага байгаа. Үхх байр орон сууцыг хүн өдөр болгон худалдаж авдаггүй болохоор тийм амархан ажил биш. Энэ боломж нь манай компанид маш их илүү ажил нэмсэн тэхдээ би яг өөр шигээ нялх хүүхдүүдтэй ээжүүдэд тусалж байгаа болохоор сэтгэлд өег байдаг юм.
- Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын холбоо эсвэл зуучлалын компаниуд өөрсдөө барилга барьж байгаа компаниудад борлуулалт хийхээс татгалзах эрх байдаг уу?
- Байлгүй яахав. Ний нуулгүй хэлэхэд хэрэглэгчид өдөр болгон байр худалдаж авдаггүй, судалгаагаар амьдралынхаа турш нэг хүн дундажаар гурван удаа байр худалдаж авдаг гэсэн байдаг. Тэгэхээр бид хэрэглэгчиддээ юу зарах уу, юуг зөвлөх үү гэдэг сонголтоо өөрсдөө хийдэг. Заруулья гэсэн байр болгоныг борлуулалтанд авдаггүй. Худалдан авагчид намайг биш, манай компанийг биш, боломжийн аятайхан байрыг л худалдаж авдаг. ҮХХ худалдан авах шийдвэр үнийн уян хатан таатай нөхцөл, хямд үнийг санал болгоход илүү хурдан гардаг тэгэхээр борлуулагчид бид юуг зарах уу гэдгээ мэддэг байх ёстой.
- Реалтор буруу мэдээ тарааснаас үүдэн иргэн хохирсон тохиолдол байна уу?
- Манай компанийн хувьд нэг ч тийм асуудал гараагүй л байна. Би өөрөө бизнес эрхлэгч, хүмүүс ажиллуулдаг бас худалдан авагч болохоор ирсэн хэрэглэгч болгоны байрыг “би өөрөө авах бол яах вэ” гэж бодож тооцоолж борлуулалтанд авдаг, тэр зөвлөгөөгөө ч хэрэглэгчиддээ өгдөг. Энэ нь миний болон манай компанийн хувьд дадал болсон зүйл.
- Бодлого боловсруулж байгаа хүмүүст /гишүүдэд/ байр орон сууцны борлуулалт талаасаа хийж байгаа үл хөдлөх хөрөнгө зуучлагчдад төсөл хөтөлбөрт нь оролцох эрх боломж өгдөг үү?
- Барилгын компани барилга барихаа сайн мэднэ, дуучин хүн дуугаа дуулахаа сайн мэднэ, борлуулагчид зуучлагчид борлуулалтаа яаж хийхээ сайн мэднэ. Манай Реалторуудын Нэгдсэн холбоо тодорхой түвшинд биднийг төлөөлөн бодлогын түвшинд ажилладаг. Бидний саналыг дээшээ хүргэж чаддаг холбоондоо баярладаг.
- Иргэд их голомтгой юу?
- Ер нь бол сайн голж шилж сонголтоо хийх хэрэгтэй. Хүн байр худалдаж авахдаа зүгээр нэг 4 хана худалдаж авдаггүй, тэнд тэр хүн амьдралаа аз жаргалаа худалдаж авдаг. Оффис, ажлын байр худалдаж авахадаа бас зүгээр суух газар авдаггүй, тэд амжилт нэр хүндийг давхар худалдаж авдаг. Манай компани зуучлалын үйлчилгээг илүү боломж талаас нь харж ажилдаг болохоор бид яаж ийж байгаад л зах зээлийн үнээс хямд үнийг санал болгоод байдаг. Барилгын компанитай яаг адилхан үнээр бид борлуулалт хийвэл хүмүүс манайхаас биш барилгын компаниас л авна шүү дээ. Тэднээс илүү боломжыг бид санал болгодог болохоор гэр бүл найз нөхөд хамаатан саднаараа захиалгаа өгөөд манайхаар үйлчлүүлдэг хэрэглэгчид байдаг. Бид анхдагч биш 2 дахьч зах зээл дээр ажилладаг. Манай компаниар байр заруулсанаас худалдаж авсан нь илүү ашигтай байдаг.
- Монголд олон зуучлалын компаниуд байдаг уу? Өрсөлдөгч хэр ихтэй салбар вэ?
- Яг Үл хөдлөх хөрөнгө зуучлагчидийн нэгдсэн холбоонд байдаг тогтвор суурьшилтай зах зээл дээрээ доор хаяж гурваас дээш жил ажилласан 20 орчим зуучлалын компаниудаа л мэднэ, тэрнээс бусдыг нь өрсөлдөгч байтугай үйл ажиллагааг нь ч мэдэрч амждаггүй. Энэ салбар нь өөрөө цаг хугацаа алдаж оносон туршлага дээр суурилсан борлуулалтын ур чадвар шаарддаг салбар болохоор аяндаа хэн өрсөлдөгч байх уу гэдгийг харуулчихдаг л даа. Өдөр тутмын завгүй хэрэглэгчидийн захиалгууд ихтэй болохоор бид юун өрсөлдөгч байтугай хэрэглэгчиддээ боломжын аятайхан байр олж өгөхийн тулд хамтарч ажиллахаа л урьтал болгож байна.
- Ярилцсанд баярлалаа. Танд ажлын гялалзсан амжилт хүсье
- Баярлалаа. Та бүхэнд ч бас амжилт хүсье.
Б.Саран