Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Цахим эрүүл мэнд” төслийн нээлтийн ажиллагаа нэгдүгээр сарын долоонд боллоо. Төслийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Син Хаймин, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа болон албаны бусад хүмүүс оролцов.
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Иргэдийг цахим карт, хувийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сантай болгож, эрүүл мэндийн даатгалтай иргэн харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх” гэж тусгасан байдаг.
Мөн “Цахим засаг үндэсний хөтөлбөрт төрийн үйл ажиллагаа, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгох” гэсэн том зорилтыг тавьсан. Эдгээр зорилтыг хангах ажлын эхлэл болгон төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүд, аймаг болон дүүргийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг цахим тогтолцоонд шилжүүлэх “Цахим эрүүл мэнд” төслийг ийнхүү хэрэгжүүлж эхэлж байгаа юм.
БНХАУ-ын Засгийн газраас төслийг хэрэгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлэхээс гадна Засгийн газар хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу хөнгөлөлттэй зээлийг олгож санхүүжүүлжээ. Нийт 18,9 сая америк долларын төсөвт өртөгтэй “Цахим эрүүл мэнд” төслийг тоног төхөөрөмжийн хангалт, програм хангамж болон хүний нөөцийн чадавхийг сайжруулах үйл ажиллагаанд зарцуулж байна. Нийтдээ эрүүл мэндийн 112 байгууллагад 23 нэр төрлийн тоног төхөөрөмж, 48 байгууллагад цахим эмнэлгийн програм хангамж нийлүүлэх юм.
Төсөл хэрэгжснээр:
– Хүлээгдлээс үүдэлтэй бухимдал арилж, үйлчлүүлэгчдэд очих тусламж үйлчилгээ цаг хугацаандаа хүрэх,
– Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг олон улсын стандартад нийцүүлэн нууцлал, аюулгүй байдал бүрэн хангагдсан нэгдсэн мэдээллийн санд хадгалж, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж чадах ба тусламж үйлчилгээний чанар тэр хэрээр дээшлэх,
– Шаардлагагүй давтан шинжилгээний тоог бууруулж зардлыг хэмнэх,
– Эмийн жорыг цахим хэлбэрт оруулах замаар эмийн зохистой хэрэглээ төлөвшүүлэх,
– Алсын зайн оношлогоо эмчилгээний үйл ажиллагааг бүрэн хэмжээнд нэвтрүүлэх боломж бүрдэх,
– Өвчтөн шилжүүлэх тогтолцоо цахимжсанаар иргэдэд учруулдаг хүндрэлүүд үгүй болох зэрэг ач холбогдолтой юм.