Эрхэм үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид та бүхний амар амгаланг айлтган мэндчилж байна. Монгол Улс шинэчлэн баталсан НӨАТ-ын хуулиа амжилттай хэрэгжүүлж эхлээд удаагүй байна. НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор зарим ААН, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг дур мэдэн, эсвэл 10 хувиар нэмэх болсон нь эдийн засгийн хямралтай байгаа өнөө үед иргэдийн бухимдлыг ихээр төрүүлж, хууль зөрчсөн үйлдэл болоод байна. Шинэчлэн баталсан НӨАТ-ын хуулиар бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх ёсгүй бөгөөд хуучин НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт ороогүй хэвээр мөрдөгдөж байгаа билээ. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ААН, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчиддээ хандан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг нэмэхгүй байхыг уриалж байна. НӨАТ-ын хуультай холбоотойгоор бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнэ, хөлсийг нэмж байгаа бол энэ нь хууль зөрчиж байгаа хэрэг гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Шинэчлэн баталсан НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш хамгийн нийтлэг гарч байгаа зөрчил нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид баримтаа авбал үнийн дүн дээр 10 хувийг нэмж, авахгүй бол нэмэхгүйгээр иргэдэд үйлчилж байгаа явдал юм. Хэрвээ ийм тохиолдол гарвал тухайн байгууллага өмнө нь татвараа төлдөггүй, нуун дарагдуулдаг, хувьдаа завшдаг байсан гэсэн үг болохыг Татварын Ерөнхий газраас мэдэгдэж байгаа юм. Тиймээс шинэчлэн батлагдсан НӨАТ-ын хуулийг далимдуулан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг 10 хувиар нэмж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг дахин сануулья.
Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчиййн жил” болгон зарлаад байгаа билээ. “Хэрэглэгчийн жил”-ийн хүрээнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хэд хэдэн томоохон хөтөлбөр, зорилт дэвшүүлэн ажиллахаар төлөвлөөд байна. Үндэсний үйлдвэрлэгчид, ААН, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид та бүхэн “Хэрэглэгчийн жил”-ийн хүрээнд бид бүхэнтэй хамтран ажиллаж, бидний хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллалааг дэмжиж Хэрэглэгчийн эрхийг дээдлэнэ гэдэгт итгэлтэй байна. Тиймээс шинэчлэн баталсан НӨАТ-ын хуулийн хүрээнд, мөн Монголчууд бидний үндэсний томоохон баяр болох Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг зохиомлоор нэмэхгүй байхыг дахин уриалж байна.
Та бүхнийг хүндэтгэсэн ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр