“Жигүүр гранд”, “Блю скай”, “Буянт тэл”, “АО Жаргалант”, “Тюр хаус” зэрэг зарим барилгын компаниуд өнгөрсөн онд нийт 70 орчим мянган хэрэглэгчээс эрчим хүч ашигласны төлбөрийг илүү бодон авч, тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан гэж Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо өчигдөр мэдэгдэл хийсэн билээ. Нэр бүхий дээрх компаниуд шинээр барьж, ашиглалтад оруулсан орон сууцынхаа эрчим хүчийг шийдсэн бөгөөд өөрсдийнхөө өмчит цахилгааны хүчдэлийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанид шилжүүлэлгүй шууд оршин суугчдынхаа эрчим хүчний хэрэглээний тарифыг аж ахуйн нэгжийн үнээр тооцон авдаг нь ийнхүү 17 мянга 500 орчим өрхөөс илүү мөнгө авч хохироосон байна. Хуулиараа толгойн тоолуурын тооцоог барилгын компаниуд хийх хориотой. Гэтэл одоогоор барилгын 116 компани толгойн тоолуурын тооцоогоор цахилгааны төлбөрөө төлж буй аж. Энэ нь нэг барилга 60 айлтай гэж тооцвол 70-80 орчим мянган өрх сарын эрчим хүчний хэрэглээгээ аж ахуйн нэгжийн тариф буюу 30 төгрөг 10 мөнгөөр илүү тооцон төлж байна.
Одоо мөрдөж буй цахилгаан эрчим хүчний тарифаар үйлдвэр, аж ахуйн байгууллага 1 кВт/ц эрчим хүч 128.50 төгрөг. Харин ахуйн хэрэглэгч 1 кВт/ц эрчим хүч 98.40 төгрөг байна. Нэг өрх сард 150 кВт/ц эрчим хүч хэрэглэсэн гэж үзвэл ахуйн хэрэглэгчийн тарифаар 14 мянга 760 төгрөг, харин аж ахуйн нэгжийн тарифаар 19 мянга 275 төгрөг болно. Үүний зөрүү сард нэг өрхөөс 4515 төгрөг илүү, жилээр буюу 12 сараар тооцвол 54 мянга 180 төгрөг болно. Үүнийг 17 мянга 500 өрхөөр тооцвол нэг жилд 948 сая 150 мянган төгрөгийг дээрх нэр бүхийн барилгын компаниуд хууль бусаар авч хэрэглэгчдийг хохироосон гэж Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос үзэж байна.