Сонгуулийн тухай хуулийн 4.9-д “УИХ-ын 28 гишүүнийг улстөрийн нам буюу улстөрийн намуудын сонгуулийн эвслийн жагсаалтаас тус тус сонгоно” гэж заажээ. Намыг сонгоод намаас томилсон нэрсийн жагсаалтаас УИХ-ын гишүүн болгох нь Үндсэн хуулийн дараах зүйл, заалтуудыг зөрчиж байна.
- Үндсэн хуулийн 21-р зүйлийн 2-т “УИХ-ын гишүүнийг сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж 4 жилийн хугацаагаар сонгоно” гэж заажээ.
Энэхүү өргөдөлийг гаргагч би Үндсэн хуулийг батлахад оролцсон Ардын их хурлын депутат билээ. Энэ асуудлыг хэлэлцэх явцыг би сайн санаж байна. Хувь тэнцүүлэх буюу намыг сонгоё гэсэн санал гарч байсан юм. Гэтэл энэ саналын эсрэг, бид нам төвтэй төрөөр 70 жил удирдуулж явж ирлээ. Одоо иргэний ардчилсан нийгэм байгуулахыг зорьж, иргэн төвтэй төр байгуулах үзэл санаатай зөрчилдөж байгаа тул энэ саналыг хүлээн авч болохгүй гэсэн эсэргүүцэлтэй тулгарч дээрх саналыг гаргагч үүнийг эсэргүүцэх ямар нэгэн шалтаг, шалтгаан, үндэслэл олж чадаагүйгээр энэ асуудлаар томоохон маргалдаан бололгүй энэ заалт батлагдсан юм.
- Үндсэн хуулийн 21.2-ыг зөрчсөнөөс үүдээд мөн Үндсэн хуулийн 3.1-д заасан “Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ” гэжээ.
Гэтэл намыг сонгож байгаа нь төлөөлөгчдийн байгууллага, иргэн хоёрын дунд нам гэгч халхавч орж, иргэд төрийн хэрэгт аль болох шууд оролцох эрх нь ноцтойгоор зөрчигдөж байна. Энэ байдал нь улам даамжраад төрийг удирдах хэрэгт нам гэдэг субъект эрээ цээргүй оролцож, төрийн дээр нам гарч ирэх нөхцлийг бүрдүүлж байна.
- Үндсэн хуулийн 21-р зүйлийн 3-т “УИХ-ын гишүүнээр Монгол улсын 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэж намыг бус, иргэнийг сонгоно гэж ямарч хоёрдмол утгагүйгээр заажээ.
Хэрэв намыг сонгохыг зөвшөөрсөн бол энд “ийм болзол, нөхцлийг хангасан намыг сонгож болно” гэж зааж өгөх ёстой байсан юм.
- Үндсэн хуулийн 23-р зүйлийн 1-д “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхолыг эрхэмлэн баримтална” гэжээ.
Намын томилолтоор нэрсийн жагсаалтын ард нуугдсан УИХ-ын гишүүнийг ард түмний элч, тэдний ашиг сонирхолыг эрхэмлэн баримтална гэж батлах үндэслэл байхгүй байна. Тэд томилсон намынхаа ашиг сонирхолыг хамгаалах нь илт ойлголмжтой бус уу.
- Үндсэн хуулийн дээр дурдсан зүйл заалтууд зөрчигдсөнөөр Үндсэн хуулийн тунхаг буюу Оршил хэсэгт заасан “Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” гэсний иргэний ардчилсан нийгэм байгуулах Үндсэн хуулийн гол тулгуур үзэл баримтлал зөрчигдөж байгаагаараа Сонгуулийн хуулийн дээрх заалт Үндсэн хуулийг бүхэлд нь зөрчсөн байна гэж үзэх бүрэн үндэслэл байна.
- Ард иргэд сонгуульд саналаа өгч, өөрсдийн төлөөллийн байгууллагаа бүрдүүлэх нь сонгогчидод 4 жилд нэг удаа олддог төрийг удирдахад шууд оролцож байгаа хэлбэр бөгөөд энэ үйл явц зөвхөн сонгуульд саналаа өгснөөр дуусгавар болох ёсгүй бөгөөд сонгуулийн үр дүнг яаж тооцсонтой танилцах, хардах, шалгах явдал нь сонгуульд саналаа өгсний шууд үргэлжлэл бөгөөд эдгээр эрх нь хуулиар зөвшөөрөгдсөн байх ёстой атал Сонгуулийн хуульд: “50 хүртэл хувьд нь техникийн тооллого хийж болно” гэж заасан нь сонгогчидын эрхийг хязгаарлаж, Үндсэн хуулийн 3.1 ба 16.8-д заасан “төрийг удирдах үйл хэрэгт шууд оролцох эрх”-ийг зөрчсөн байна.
Сонгуулийн дүнг хардаад түүнийгээ шалгаж үзэх эрх байхгүй бол сонгуульд санал өгөх нь ямарч утга учиргүй хээрг болно. Сонгуульд саналаа өгөхөөс бусад зохион байгуулахаас эхлээд үр дүн нь бүрэн гарч төлөөлөгчдийн байгууллагаа байгуулах хүртэлх явц нь олон нийтэд ил тод байх нь тэдний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хамгаалж байгаагийн илэрхийлэл болох ёстой. Төлөөлөгчдийн байгууллага байгуулагдсанаар ард түмний төрийг удирдах хэрэгт шууд оролцох оролцоо дуусгавар болж, төлөөллийн ардчилалын зарчим эхэлж байгаа юм.
- Сонгогчидын саналыг машинаар тоолох нь түүний үр дүнг санал өгсөн цаг хугацаа дарааллаар нь хөөгөөд, хэн ямар санал өгснийг тодорхойлох бүрэн боломжтой учир нууц санал өгөх хуулийн заалт зөрчигдөж байдаг. Ийм учраас Англи улсын Үндсэн хуулийн шүүхээс тооллогын машин хэрэглэхийг хориглосон түүх байдаг. Үүнийг мэргэжлийн, бие даасан хөндлөнгийн шинжээч нараар уг машин нууцын заалтыг хангаж буй эсэхэд дүгнэлт гаргуулах нь зүйтэй биз ээ.
Би дээр дурьдсан үндэслэлүүдээр сонгогч олон түмэн, түүний дотор УИХ-ын гишүүнийг шууд сонгох, төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхүүд зөрчигдсөн байна гэж үзэж Үндсэн хуулийн 16-р зүйлд “Монгол улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд, мөн зүйлийн 12-т “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдолоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй, Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэсэн заалтыг үндэслэл болгон Үндсэн хуулийн Цэцэд өргөл хүргүүлэх бодолтой байна.
Үндсэн хууль тогтоогчдын нэг Долгорын Банзрагч
Холбоо барих утас: 99169286