Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас энэ сарын 25-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын шинэ дарга Д.Мөнхтөр шинэ он гарангуут шуурхай ажиллаж эхэллээ.Тэрээр хийж эхэлсэн ажлаа мэдээлэхдээ ялангуяа цагаан сар болон баяр ёслол болох үеэр худалдаа үйлчилгээний газрууд бараа бүтээгдэхүүний үнээ хөөрөгдөн, нэмдэг нь хэрэглэгчдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгааг дурдав. Жишээ нь, Иргэдээс банкны зээлийн асуудлаар нэлээд гомдол, мэдээлэл ирсэн талаар онцлов.Үүнтэй холбогдуулж хяналт шалгалт явуулж байна. Мөн арилжааны банкууд, даатгалын компани, нотариатын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд давуу эрх олгож,сонгон шалгаруулж үйл ажиллагаандаа хамтран ажилладаг. Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг Өрсөлдөөний тухай хууль болон бусад хуулиудийг зөрчсөн, хэрэглэгчдийг хохироосон үйл ажиллагааг шалгаж илрүүлж эхэлсэн байна. Мөн хэрэглэгчдээс ирээд байгаа гол гомдол мэдээллүүдээс дурдвал Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 29-р тогтоолыг залруулж өгөхийг хүсчээ. Энэ нь авто цогцолборын болон бусад энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг Өрсөлдөөний тухай хууль болон бусад хуулиудийг зөрчсөн зөрчлийг илрүүлэхээр хянан шалгаж, үр дүнг даруй олж харахаар ажиллаж байна.
Д.Мөнхтөр даргын онцолж байгаагаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар өнгөрсөн долоо хоногийн нэг дэх өдрөөс эхлэн өндөржүүлсэн байдалтай ажиллаж эхэлжээ. Учир нь цагаан сар дөхөж байгаатай холбогдуулан бараа бүтээгдэхүүний үнэ бага багаар өссөн байна. Энэ талаар иргэдээс маш их өргөдөл, гомдол ирсэн байна.Тийм учраас агентлагынхаа ажилчдаа цэргийн өндөржүүлсэн байдалтай ажиллуулж, ачааллыг тэнцвэржүүлж, иргэдийн санал гомдлыг шуурхай шийдвэрлэхийн төлөө бодитой алхам хийж байгаа юм. Ер нь тус агентлаг шинэ он гарснаас хойш 14 орчим чиглэлээр хяналт шалгалтын ажил явуулжээ. Иргэдийн хамгийн их бухимдаж, шүүмжлэлтэй байгаа олон асуудалд анхаарч, шалгаж байна. Зарим ажлууд одоогийн байдлаар шалгалтын явцтай байгаа юм. Тэрээр “Өнөөдөр миний гарт хоёр баримт байна. Эхний асуудал бол манай агентлагаас Барс, Нарантуул захуудад хяналт шалгалтын ажиллагаа явуулахад Арвайн үндэс компанийн шинэ бүтээгдэхүүн Водка, Монголия, Чингис хаан архинуудад урамшуулал зарлаж, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөнийг тогтоож, 15 сая төгрөгний торгууль ноогдууллаа. Түүнчлэн “Улаанбаатар-Төмөрзам” компанийн Замын-Үүд зорчигч чиглэлийн тасалбар борлуулах цэгүүдийг шалгаад хоёр том зөрчил гарсан. Эхний зөрчил нь сайдын 2008 оны 5-р сарын 27-ны өдрийн 88-р тушаалаар баталсан Төмөрзамаар зорчигч ачаа тээш тээвэрлэх дүрмийн 2-зүйлийн 12 дахь заалт зорчигч тасалбараа гээгдүүлбэл нөхөн олгохгүй, төлбөрийг буцаан олгохгүй гэж байгаа нь хэрэглэгчдийн болон холбогдох хуулиудыг зөрчиж байгаа юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл зорчигч тасалбараа гээгдүүлсэн тохиолдолд дахин шинэр тасалбар авдаг. Нэг хүнээр хоёр тасалбар авахуулж байна. Жишээ нь, бусад компани, байгууллагууд онгоцны тийзний тасалбараа алга болговол өөр орлуулах бусад бичиг баримтаар нөхөн олгодог. Гэтэл уг компани нэг хүнээр хоёр удаа тасалбар авахуулж байгаа нь хууль зөрчиж байгаа хэрэг юм. Үүний төлөө зохих хариуцлагыг хүлээлгэж байна. Дараачийн асуудал “Улаанбаатар -Төмөрзам” компанийн даргын 2014 оны 6-р сарын 11-ны өдрийн А140 гэсэн тушаалын дагуу зорчигч иргэдээс тасалбарын мөнгөн дээр нэмж цай, кофе, ор, хөнжлийн даавууны мөнгийг нэмж авдаг. Энэ нь мөн холбогдох хуулиудыг зөрчсөн. Жишээ нь, Өрсөлдөөний тухай хуулийн 7-ын 1-ийн 12 дахь зүйлд бараа бүтээгдэхүүн борлуулахдаа ижил иж бүрдэлд ороогүй бараа бүтээгдэхүүнийг дагалдуулахыг хориглоно гэсэн заалтыг,12-ын 1-ийн 10 дахь заалтад хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийн хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчөөд байна. Гурав дахь зөрчил бол тус байгууллага нь төлбөрийн картын төхөөрөмжийг ашиглахдаа зөвхөн Хаан банкны картыг ашиглан үйлчилүүлнэ үү гэж тушаал маягийн заалт гаргасан нь байгууллага компаниудын өрсөлдөөнийг хязгаарлаж, нэг байгууллагад давамгай эрх олгосон гэж манай агентлаг үзэж байгаа. Иймээс энэ зөрчлийг сайжруулж, алдаагаа засна уу гэдгийг мэдэгдэж, уг байгууллагад арга хэмжээ авч эхэлсэн. Энэ мэтчлэн олон ажил явуулж байгаа. Ирэх долоо хоногт манай агентлаг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд дараа дараачийн хяналт шалгалтын ажлуудаа танилцуулна.” гэж мэдээллэсэн юм.
Ийнхүү Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын шинэ дарга хэрэглэгчид рүү чиглэсэн олон ажлуудыг явуулж эхэлсэн нь иргэдийн эрх ашигт нийцэж байгаа юм. Түүний шуурхай, хариуцлагатай шийдвэрүүд нь далд байгаа шударга бус үйл ажиллагааг ил тод, зоригтой илчилж байгааг харуулж байна.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар нь үйл ажиллагаагаа өргөн хүрээнд хүчтэй явуулахын тулд гадаад харилцаа, хамтын ажиллагаандаа анхаарчээ. Тус агентлаг НҮБ-ын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ын үзэл санаа, НҮБ-ын Ерөнхий ассемблейн 70 дугаар хуралдаанаар хэлэлцэн баталсан Тогтвортой хөгжлийн баримт бичигт “Хариуцлагатай хэрэглээ ба тогтвортой үйлдвэрлэлийн чиглэлээр” хэрэглэгч рүү хандан 10 жилийн төлөвлөгөө гаргаж ажиллахыг гишүүн орнууддаа зөвлөсөн зөвлөмж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар дэвшүүлсэн зорилтуудыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласан.
2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгосноор үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээний бүх байгууллагууд хэрэглэгчдэд хандсан менежментийн чиг хандлагыг тэргүүлэх чиглэлээ болгох, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ нэг бүрийг стандарт чанарын шаардлагыг бүрэн хангасан байх, нийгмийн үйлчилгээний бүх салбарын байгууллагын хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээний эцсийн үр дүн нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийн хангалттай түвшнээр хэмжигддэг байх, хүн рүү чиглэсэн шинэчлэлийг менежментийн илүү дэвшилттэй түвшинд дэвшүүлэн тавьж тодорхой үр дүнд хүрэх боломжтой гэдэг шаардлагыг тавьж байна.
Энэ оны байдлаар эхний улиралд Казакстан, Энэтхэг, Солонгос, Куба, Белорусь, Тайванийн төлөөлөгчийн газартай хамтран ажиллахаар санал солилцжээ. Одоогийн байдлаар хоёр том төсөл хийгдэж байна. Энэ нь Жайка болон Европын Холбооны төсөл юм. Жайкагийн төсөл нь Монгол Улсын шударга өрсөлдөөний орчинг сайжруулах төсөл, 2015-2018 он хүртэл хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөний орчинг бүрдүүлэх зорилготой юм байна. Харин Европын холбооны төсөл нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах дөрвөн жилийн хугацаатай төсөл юм. Дэлхийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага болон Америк, Тайвань Улсын Шударга өрсөлдөөний газруудтай хамтран ажиллахаар тохиролцжээ. Тус агентлагийн гадаад харилцааны төслүүд болон хамтын ажиллагаа нь амжилттай явагдаж байна.
Б.БАЯРМАА
www.breakingnews.mn