Оросын хил дээр гацсан иргэдээ хэн анхаарах вэ

Орос, Монгол Улсын иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчдог болоод нэг жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд маш олон иргэд хойд хөршийг зорих болсон бөгөөд үүнээс болж хил дээр нэлээдгүй ачаалал үүсээд байгаа юм.

Визгүй зорчих журам хэрэгжиж эхэлснээс хойш ачаалал гурав дахин нэмэгдсэн гэх мэдээлэл ч байдаг. Албаны хүнээс тодруулахад Алтанбулагийн хилээр өдөрт багадаа 1500 автомашин нэвтэрч байгааг хэлэв. Визгүй зорчих журмыг хэрэгжүүлэх дээ л “бэлтгэл ажил хангалтгүй байсан”-аас үүдсэн хүндрэлүүд бий. Үүнээс гадна ОХУ-ын хилийн албан хаагчид “хүнд суртал гаргаж байгаа” гомдлыг иргэд ихээр хэлэх боллоо.

Сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан хойд хөршийг зорих иргэдийн тоо нэмэгдсээр байгаа. Гэвч хил дээр зохицуулалт муу байгаагаас болж иргэдийг бухимдуулах, хил, гаалийн албан хаагчидтай маргалдах, ээлж дараалал наймаалцах гээд хүндрэл бэрхшээлүүд нэмэгдсээр байна.

Автомашинтай иргэн хоёроос гурав хоногийн дараа хил нэвтэрч байна. Мөн жуулчны автобустай иргэдийг чирэгдүүлэх, орхигдуулах асуудал ч маш их байгааг хэллээ. Жишээлбэл өнөө өглөө жуулчны хоёр автобус Монгол Улсын хилээр нэвтэрчээ. Гэвч ОХУ-ын хил дээр гацсан байна. Ачаа тээврийн автомашинуудыг нэвтрүүлээд байгаа хэрнээ, хувийн автомашинтай болон жуулчны автомашинтай иргэдийг тодорхойгүй шалтгаанаар гацаасаар бүтэн өдрийг өнгөрөөгөөд байгаа тухай гомдлыг газар дээрээс нь иргэд утсаар мэдээлэл өглөө.

Энэ ямар учиртайг тодруулахыг хүссэн ч өнөөдөр “хариулт өгөх хүн олдсонгүй”. Гэвч хил дээр Монгол Улсын маш олон иргэд тодорхойгүй шалтгаанаар гацаж, “хэзээ хил гарах вэ” хэмээн хүлээж сууна.

Орос, Монгол хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих болсон нь сайхан ч хил давахын тулд “зохицуулалт хангалтгүй журам”-аас болоод иргэд хоног өдөр алдан, бие эрхтэн, эд хөрөнгөөр хохирсоор л байна.

Хэдийг хүртэл энэ хангалтгүй зохицуулалттай, иргэдийг хохироосон, хүндрэл бэрхшээл учруулсан журам хэрэгжих вэ. Цаашид хоёр орны хооронд харилцан визгүй зорчих журам хэрэгжсээр байх уу. Тэгвэл сайжруулж, засварлах шаардлагатай. Үгүй бол иргэд чинь “сайхан журам”-ын ачаар Оросын хил дээр цаг элээж, нас нөхчих нь байна шүү.

Амар

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …