П.Базарваань: Нийгэмд гадуурхагдаж явсан надад шүүх урам зориг өглөө

1454395354_11Хүний амьдрал алдаа онооны дэнсэн дээр эргэлддэг. Иргэн П.Базарваанийн хувь тохиол ч тэгш дүүрэн байсангүй. “Би 60 настай, өмнө нь 10 удаа ял шийтгэгдэж, 38 жил алдаж, онож явсан. Өмнө нь би ямар ч ял авахдаа уйлж үзээгүй, харин шүүхээс цагаатгах тогтоол сонсоод баярласандаа шүүхийн танхимд уйлсан” хэмээн яриагаа эхэлсэн түүний шүүхэд талархсан сэтгэгдлийг хүргэж байна.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн П.Базарваань Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргээ шийдвэрлүүлж, “Цагаатгах тогтоол” гардсанаа бидэнд хандан ийнхүү ярилаа.

-Өдий 60 нас хүртэл надад Монгол улсын иргэн мөн гэх ямар ч бичиг баримт байхгүй бөгөөд 38 жил алдаж онож, задрах үедээ задарч, ядрах үедээ ядарч явлаа. 2015 оны 1 дүгээр сард нагац ахынхаа гэрээс нэг ширхэг мөнгөн аяга хулгайлсан гэж сэрдэгдэж, прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, надад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Г.Мөнхбат, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2015 оны 10 сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгасан тогтоол гаргахад би үнэхээр их баярлаж, шүүх хуралдааны танхимд өөрийн эрхгүй нулимс гарсан юм. Цагаатгах тогтоолд прокурор эсэргүүцэл бичиж, хэргийг Өмнөговь аймаг дахь эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бямбажав даргалж шийдвэрлэн, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон.

1454395399_22

Би олон жил шоронд суугаад гарч ирсэн болохоор нийгмийн ялгаварлан гадуурхалтай алхам тутам тулгарч, адлагдаж явдаг нь нэг ёсондоо миний зовлон юм. Миний явж байсан газарт гэмт хэрэг гарвал намайг үйлдсэн болгох гэж үздэг. Зарим албан тушаалтны буруугаас болж би хийгээгүй хэрэгтээ сэрдэгдэж 60 хоног цагдан хоригдож, 21 хоног өлсгөлөн зарласан. Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Өмнөговь аймаг дахь эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг шударгаар шийдвэрлэсэнд маш их баяртай байна. Шүүх бол мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнд үйлчилдэггүй, хүний эрхийг хангаж, шударга ажилладагт баярласан сэтгэгдлээ илэрхийлж байна.

Намайг шүүхээр хэргээ шийдүүлэх хугацаанд шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, Тахарын албаны албан хаагчид надтай энэ хүн өмнө нь хэрэгт холбогдож байсан гэдэг үүднээс ханддаггүй, харин ч хүнлэг, зөв боловсон харьцаж байсанд би их баярласан. Нийгэм маань алдаж эндсэн хүмүүстээ хэтэрхий хүйтэн, цэвдэг хандаж, хүнд итгэх итгэл, халуун сэтгэлээ гээжээ гэдгийг би өөрийн амьдралаараа мэдэрлээ. Нийгэмд гадуурхагдаж явсан надад шүүх урам зориг өглөө.

Надад холбогдох хэргийг шударгаар шийдвэрлэсэн шүүхэд баярлалаа. Би та бүхний итгэлийг алдахгүй, үлдсэн насандаа сайн хүмүүсийг баярлуулж, муу хүмүүст муугаа үзүүлэхгүй явна. Шударга шүүхэд баярлалаа гэж дахин хэлье.

Ж.Чимэддулам

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …