2015 оны төгсгөлд үүд хаалгаа нээсэн шинэхэн банк Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк (АДБХОБ) гэж юу болох талаар ерөнхий мэдээллийг уншигчдадаа хүргэе.
2015 оны төгсгөлд үүд хаалгаа нээсэн шинэхэн банк Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк (АДБХОБ) гэж юу болох талаар ерөнхий мэдээллийг уншигчдадаа хүргэе. АДБХОБ нь Ази Номхон далай, тэр дундаа Зүүн Өмнөд Азийн бүсийн улс орнуудын дэд бүтцийн хөгжилд дэмжлэг үзүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулах зорилго бүхий санхүүгийн байгууллага юм.
БНХАУ-ын Засгийн Газар, Ерөнхийлөгч Си Жинпиний 2013 онд гаргасан энэхүү санаачлагыг дэмжсэн Ази Номхон далайн бүсийн 37 орон, бүсийн бус 20 орон энэхүү банкны эрх зүйн суурийг бий болгосон баримт бичигт 2014 оны аравдугаар сард гарын үсэг зурснаар энэхүү төсөл хэрэгжиж эхэлжээ.
Гэвч АДБХОБ-ны үйл ажиллагаа нь гишүүн орнууд хувь оруулсан хөрөнгөө байршуулах баталгаа гаргаж, тэдгээрийн нийт мөнгөн дүн нь АДБХОБ-ны нийт хөрөнгийн 50 хувьд хүрсэн үед албан ёсоор эхлэхээр заасан байсан юм.
Ийнхүү, 2015 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Австрали, Австри, Бруней, Хятад, Гүрж, Герман, Йордан, Люксембург, Мьянмар, Нидерланд, Шинэ Зеланд, Норвеги, Пакистан, Сингапур, Өмнөд Солонгос, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс болон манай Монгол улсын зүгээс нийлүүлсэн хөрөнгө банкны нийт хувьцааны 50,1 хувийг бүрдүүлж, АДБХОБ-ны албан ёсны үйл ажиллагаа эхлэхэд үндсэндээ бэлэн болсон байна.
Дээрх 17 улс нь өдгөө “Founding Countries” буюу АДБХОБ-ны үндэслэгч орнууд хэмээн нэрлэгдэж байна.
Хөрөнгө оруулагчлын эгнээнд багтсан нийт 57 орны зөвхөн 30 нь л хувь нийлүүлэх баталгаагаа гаргаад байгаа гэдгийг санах хэрэгтэй. Хятад улс энэхүү төсөлд санаачлагчийн хувиар дангаараа 26 хувийг эзэмшиж буй.
АДБХОБ-ны нийт хөрөнгө 100 тэрбум ам.доллар бөгөөд энэ нь Азийн Хөгжлийн Банкны нийт хөрөнгийн 2/3, Дэлхийн Банкны нийт хөрөнгийн тэн хагастай тэнцэхүйц дүн билээ.
2016 он гарсаар үйл ажиллагаагаа жигдрүүлж буй АДБХОБ нэгдүгээр сарын 16-ны өдөр ноён Жин Ликунийг АДБХОБ-ны Ерөнхийлөгчөөр 5 жилийн хугацаатайгаар томилж буйгаа зарласан юм.
Жин Ликун нь 2015 оны есдүгээр сараас хойш АДБХОБ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр сонгогдон ажиллаж эхэлсэн бөгөөд энэхүү ажлыг хүлээн авахаасаа өмнө АДБХОБ-ыг байгуулахад шаардлагатай эрх зүйн болон банкны үйл ажилагааны ерөнхий бодлого зэргийг боловсруулсан ажлын бүрэлдэхүүнд нарийн бичгийн албыг хашиж байжээ.
Нэгдүгээр сарын 17-ны өдөр АДБХӨБ-ны Төлөөлөн Удидах Зөвлөлийн анхны хуралдаан Бээжин хотноо болж, 2016 онд хийгдэх бизнесийн болон санхүүжилтийн төлөвлөгөө, банкны ашиг тооцох зарчим болон мэдээллээ олон нийтэд ил тод байлгах тухай зэрэг бодлогын чанартай олон асуудлуудыг хэлэлцсэн байна.
АДБХОБ-ны ТУЗ нь нийт 12 гишүүнтэй бөгөөд тэдгээрийн 9 нь Ази Номхон далайн бүсийн төлөөлөл бөгөөд ТУЗ-ийн хурал нь цаашдаа улирал тутам зохион байгуулагдах аж.
Юутай ч, АДБХОБ-ны Ерөнхийлөгч Жин Ликун мэдэгдэлдээ АДБХОБ нь америк доллароос бусад валютаар зээл олгохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Учир нь Хятадаас бусад ихэнх орнууд ам.доллароор хөрөнгө оруулж буй тул, хэрэв юаниар зээл олговол зөвхөн Хятадын нийлүүлэгчидтэй хамтран ажилладаг зээлдэгч нарт л ашигтай байх болно гэсэн тайлбарыг шинжээчид гаргаж байна.
Хэдийгээр өнгөрсөн хугацаанд Олон Улсын Валютын сангийн тав дахь нөөц валютаар юань сонгогдсон, мөн АНУ-ын конгресс ОУВС дахь Хятадын хувийг нэмэгдүүлэхийг зөвшөөрөөд байгаа боловч Хятад улсын зүгээс удаан хугацааны туршид өдгөө үйл ажиллагаагаа явуулж байгаа олон улсын санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаанд барууны валютын хүч давамгайлж байгаад дургүйцлээ илэрхийлсээр ирсэн билээ.
Тиймээс Хятад улсын энэхүү байр суурийн эсрэг зогсохоо илэрхийлж, АНУ энэхүү банкинд хувь эзэмшихээс татгалзсан бөгөөд, бусад барууны орнуудыг ч мөн нэгдэхгүй байхыг уриалж байсан юм. Гэвч Умард Ирландын Вант Улс энэхүү уриалгыг үл хайхран хувь нийлүүлснээр, бусад орнуудад хүчтэй нөлөөлж Хятадад төвтэй энэхүү шинэ банк нь ар араасаа хурдтайгаар элсэн орсон нийт 57 улсыг хөрөнгө оруулагчдын эгнээндээ нэгтгээд байгаа нь энэ ажээ. АНУ- тай ижил байр суурь баримталж буй цөөн орны тоонд Канад болон Япон багтаж байна.
Шинэ банкны үйл ажиллагаа албан ёсоор эхлэхээр болсонтой холбогдуулан НҮБ-ын зүгээс Дэлхийн эдийн засгийн хувьд түгшүүртэй буй энэ цаг үед тогтвортой хөгжлийн санхүүжилтийг өсөн нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой үйл явдал болж байгааг онцолсон юм.
Харин Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банк энэхүү байгууллага үүсгэн байгуулагдсанд нь баяр хүргэн хүлээж авч буй боловч, эсрэгээрээ тэдний үйл ажиллагаа нь хүний эрх, хөдөлмөр , байгаль орчинд халгаатай байх вий гэдэгт санаа зовнисон шүүмжлэгчид нар ч мөн бий юм.
Г.СҮМБЭЭ