Археологичид 2015 онд илрүүлсэн олдворуудаасаа олон нийтэд танилцуулна

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс “Монголын археологи” эрдэм шинжилгээний бага хурал, үзэсгэлэнг 2 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд 10.00 цагт ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн 1-р байранд  зохион байгуулна. Хурлыг ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал агсан, нэрт археологич, академич Доржхандын Доржийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан хийж байна. Хурлын үеэр 2015 онд олж илрүүлсэн олдворуудаар үзэсгэлэн гаргах юм.

олдворооо

2015 онд манай археологийн салбарын судлаач, эрдэмтэд Монгол улсын хэмжээнд гадаадын 9 улстай хамтарсан 29 төслийг 15 аймгийн 33 сумын нутагт хэрэгжүүлж 100 орчим дурсгалыг малтан судлаж, 1000 гаруй эх хэрэглэгдэхүүнийг шинээр илрүүлэн олсон байна. Эдгээр төслүүд нь чулуун зэвсгийн бууц суурин, хүрэл зэвсгийн булш оршуулгын дурсгал, буган хөшөө, бууц суурин, хүннүгийн үеийн хот суурин, язгууртны болон жирийн булш, бууц суурин, сяньби, жужан, түрэг, уйгурын үеийн булш оршуулга, болон хот суурин, XIII-XIV зууны булш оршуулга, хот суурины судалгаа гэсэн олон чиглэлээр ажилласан байна. Эдгээр гадаадтай хамтарсан төслүүдээс тус хүрээлэн 22, Монголын Үндэсний Музей 5, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн 2 төслийг хэрэгжүүлжээ.

Хурлаар дараах сэдвээр илтгэл, тайлан хэлэлцүүлнэ. Үүнд:

-Монгол-Германы хамтарсан “Баркор” төслийн 2015 оны хээрийн судалгааны ажлын үр дүн

-Монгол-Монакогийн хамтарсан “Хойд Тамир-Хүнүй” төслийн 2015 оны хээрийн судалгааны ажлын үр дүн

-Монгол-Америкийн хамтарсан “Баянхонгор”, “Баруун Монгол”, “Увс нуурын сав дахь нэн эртний хүмүүсийн ахуй орчин”, “Умард Монгол” төслийн 2015 оны хээрийн судалгааны ажлын үр дүн

-Монгол-Германы хамтарсан “Хэрлэн” төслийн 2015 оны хээрийн судалгааны ажлын үр дүн

-Монгол-Японы хамтарсан “Эртний монгол хүн” төслийн 2015 оны хээрийн судалгааны ажлын үр дүн

-Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтыг төлөвлөх, цахим удирдлагын систем

-Соёлын биет өвийн эсрэг гэмт хэрэг ба түүний цаашид авах арга хэмжээний тухай

-Тэрэлжийн дөрвөлжин балгасанд явуулсан 2015 оны судалгааны үр дүн

-Нийслэлийн СХД-ийн Зүүн салаан дахь хүннүгийн жирийн иргэдийн булш оршуулгын авран хамгаалах малтлага судалгааны ажлын тайлан

олдоо

-Эгийн голын усан цахилгаан станцын талбайд явуулсан авран хамгаалах судалгаа

-Ноён уулын хүннүгийн дусгалын дагуул булшны судалгаа

-“Хубилайн цэргийн хот Хөгшин тээлийн балгас”-ын малтлага-2015

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс 2015 онд явуулсан археологийн авран хамгаалах судалгааны ажлын үр дүн зэргийг танилцуулж олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.

Тухайлбал, өнгөрсөн жилд тус хүрээлэнгийн судлаачид Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байдаг Чингис хааны анхны нийслэл Аваргын балгасанд цэргийн зэр зэвсэг үйлдвэрлэдэг дархны зуух ба алт мөнгөний дархны бүрэн хэрэгслийг Монголд анх удаа нээжээ. Мөн урьд өмнө судлагдаагүй байсан эртний сяньби нарын бүтэн оршуулгын газрыг Баян-Өлгий аймгийн нутагт малтсан нь нээлт болжээ. Хүннүгийн шавар ваар савны урлагийн олон шинэ олворуудыг Тамирын Улаан хошууны булшнаас илрүүлсний дотор Дундад Азиас гаралтай шавар савнууд байгаа нь Төв Азийн эртний соёл иргэншлийн хэлхээ холбоог илэрхийлэх чухал баримтууд болж байна.

Мөн энэ жил 11 аймгийн 16 суманд “Монголчуудын угсаатны бүрэлдэхүүн болон монголчуудын угсаа гарлын цогц судалгаа”, “Эртний Дотоод Азийн түүхэн орон зай дахь монгол аймгууд”, “XVII зууны хотууд” зэрэг төслийн хүрээнд үндэсний хээрийн шинжилгээний ангийг зохион байгуулж Монголын түүхийн зангилаа асуудлыг шийдэхэд зохих хувь нэмрээ оруулав.
Монгол улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс археологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд 55 тооны ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай болон шинээр тавигдаж буй автозамын трассын дагууд хайгуулын ажлыг 8 аймгийн 20 сумын нутагт гүйцэтгэж 2600 орчим дурсгал шинээр илрүүлэн олсон юм. Мөн хуулийн хүрээнд Усан цахилгаан станц баригдах талбай, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд буй 270 дурсгалыг малтан шинжилжээ.

Энэ удаагийн хуралд ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгээс гадна Монгол улсын их сургуулийн Антропологи-археологийн тэнхим, Монголын Үндэсний Музей, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Улаанбаатарын Их сургууль, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Соёлын өвийн төв гэсэн 6 байгууллагын 70 орчим судлаачид, гадаадын 50 гаруй эрдэмтдийн оролцсон 49 илтгэлийг хэлэлцүүлнэ.

Мэдээлэл авах утас: 99045949,99881895

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …