17 дугаар жарны муу нүүрт хэмээх Гал бичин жилийн Сар шинийн баярыг угтан Хөхөгчин хонин жилийн тэргүүний баг, хамт олон, аймгийн хөдөлмөрийн аварга, алдартнуудад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2016.02.04/ Дархан-Уул аймгийн “Нутгийн удирдлагын ордон”-д боллоо. Шагналыг Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн ИТХТ-н нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, аймгийн Засаг дарга А.Энхболд, Засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ, АЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар нар гардуулав. Мөн энэ үеэр “Залуучууд” театрын уран бүтээлчид уран бүтээлийнхээ дээжсээс өргөн барьлаа.
Дархан-Уул аймгийн “Төрийн захиргааны байгууллагуудын хөдөлмөрийн аварга”-аар Орхон сумын ЗДТГ-ын дарга С.Дэлгэржаргал, “Хууль сахиулах болон хууль хяналтын байгууллагууд”-ын хөдөлмөрийн аварга”-аар Онцгой байдлын газрын Шарын гол сум дах Гал унтраах, аврах 55 дугаар ангийн захирагч, онцгой байдлын Дэд хурандаа М.Баатар, Аймгийн “Санхүүгийн салбарын хөдөлмөрийн аварга”-аар СТСХ-ийн дарга Б.Жаргалсайхан, “Эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн аварга”-аар “Харзтай” шүдний эмнэлгийн захирал Ц.Дэмидравдан, “Соёл, урлаг, спорт, аялал жуулчлалын салбарын хөдөлмөрийн аварга”-аар Залуучууд театрын уран сайхны удирдагч Г. Саранчимэг, “Боловсролын салбарын хөдөлмөрийн аварга”-аар Б.Буянбат, АЖ үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн аварга”-аар “ Дархан минж” ХХК-ний өрлөгчин Н.Очирбат, “Дэд бүтцийн салбарын хөдөлмөрийн аварга”-аар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ий Төвийн бүсийн салбарын засварын албаны агаарын шугамын монтёр Д.Бавуудорж, “Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын хөдөлмөрийн аварга”-аар Дархан зочид буудлын зоогийн газрын тогооч А.Алтанцэцэг нар шалгарсан байна.
Мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил тууштай, уйгагүй хөдөлмөрлөж, гаргасан амжилт, хичээл зүтгэлийг нь аймгийн Төр, захиргааны байгууллагаас өндрөөр үнэлж Аймгийн “Сайн малчин” цол, тэмдгээр Хонгор сумын 2 дугаар багийн малчин Н.Батхуяг, аймгийн “Тэргүүний тариаланч” цол, тэмдгээр Дархан сумын 10 дугаар багийн иргэн Д.Батжаргал нар мөн энэ үеэр шагнууллаа.
Өнөөдөр /2016.02.04/ тус аймгийн сумдын 2015 оны “Тэргүүний баг”- аар Орхон сумын “Баян-Өлзийт”баг, Дархан сумын төвийн багуудаас 2015 оны аймгийн “Тэргүүний баг”-аар Дархан сумын 6 дугаар баг шалгарсан байна. 2015 оны аймгийн “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч хамт олон”-оор “Дархан Ус суваг” ХК, “Шинээр ажлын байрууд бий болгосон хамт олон” –оор “Эко ноос”ХХК, “Орон нутгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтанд хувь нэмэр оруулсан хамт олон”-оор “Дархан нэхий” ХК тус тус шалгарч, шагналаа аймгийн удирдлагуудаас гардан авлаа.
Хөхөгчин хонин жилдээ өөрсдийн идэвхи зүтгэл, хөдөлмөр бүтээлээрээ манлайлан ажилласан баг, хамт олон, аймгийн хөдөлмөрийн аварга, алдартнууддаа баяр хүргэе.
М.Гүнжилхам