Нэгдсэн Үндэсний байгууллагын Аж үйлдвэрийн байгууллагатай хамтран “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенцид хамаарах ил шаталтын үйл ажиллагаанд Хамгийн боломжит арга технологи ба Хамгийн боломжит байгаль орчинд ээлтэй практик (БАТ/БЕП) нэвтрүүлэх” бүсийн төслийг хэрэгжүүлж эхэлж байна.
Өнөөдөр уг төслийн эхлэлийн семинар болж БОНХАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга бөгөөд ерөнхий менежер Б.Бадрал нар төсөлд гарын үсэг зурж эхлүүллээ. Уг төсөл нь Камбожи, Лаос, Монгол, Филиппен, Вьетнам улсуудад 5 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд төслийн зорилго нь хог хаягдлын ил шаталтаас үүсэх онцгой хортой, хүнд хорт хавдар үүсгэдэг, үр удамд нөлөөлдөг бодис болох диоксин, фураны ялгарлыг бууруулахад чиглэсэн.
Төслийн хүрээнд дараах үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх юм. Үүнд:
- Хууль эрхзүйн орчныг сайжруулах ажлын хүрээнд хог хаягдлын ил шаталтыг бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох,
- Бүтэц, зохион байгуулалтын чадавхийг сайжруулах ажлын хүрээнд хог хаягдлын менежмент, ил шаталтын үйл ажиллагаанд БАТ/БЕП нэвтрүүлэх хүний болон бүтэц, зохион байгуулалтын чадавхийг сайжруулах,
- Бүс нутгийн болон улс орны хэмжээнд стандартчилагдсан түвшинд шинжилгээ хийх, мэдээлэл цуглуулах, хяналт-шинжилгээ хийх, тайлагнах чадавх бий болгох,
- Хог хаягдлын ил шаталтын эх үүсвэрт жишиг төсөл хэрэгжүүлнэ. Жишиг төслийн хүрээнд химийн бодисын сав цэвэрлэх жижиг байгууламж, аюултай хог хаягдлын ландфилл байгуулагдах бөгөөд ингэснээр аж ахуйн нэгжүүд дээр хуримтлагдсан химийн бодисын төмөр болон хуванцар савыг цэвэрлэж, гэр хорооллын айл өрхүүдэд төмрийг нь үнсэнд, хуванцарыг нь бусад хог цуглуулахад зориулж тараах, ингэснээр айлын хашаан дах хог шатахыг зогсоох, хог хаягдлын ангилан ялгах боломж бүрдэнэ. Халуун үнсийг тусад нь цуглуулж, зориулалтын аюултай хог хаягдлын ландфиллд булшилснаар хогийн цэг дэх хогны шаталт буурна.
- Сургалт сурталчилгааны ажлын хүрээнд ил шаталтын процессоос хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх хор нөлөөллийн талаар сургалт, сурталчилгаа зохион байгуулах, зорилтод бүлгүүдэд зориулсан сургалтын хөтөлбөр гаргах зэрэг ажлууд хийгдэх юм.