Авлигатай тэмцэх газрын нэр бүхий ажилтан, албан хаагчид сар шинийн өдрүүдэд албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээж авах ажлыг гүйцэтгэнэ.
Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар улсын хэмжээнд 2 дугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулж мэдээлэл, арга зүйгээр ханган ажиллаж байна. Энэ жилийн хувьд мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах хугацаа сар шинийн өдрүүдтэй давхцаж байгаа тул хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс баярын өдрүүдэд зарим ажилтан, албан хаагчийг ажиллуулахаар шийдвэрлэв.
2016 оны хоёрдугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтнууд тусгай хуваарийн дагуу ажиллах бөгөөд тэдэнтэй 70112468, 70112469, 70112499 дугаарын утсаар холбогдож, заавар зөвлөгөө авч болох юм. Түүнчлэн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн цахим бүрдүүлэлтийнhttps://meduuleg.iaac.mn системийг 24 цагийн турш ажиллуулна.
Мэдүүлэг гаргагчид 2 дугаар сарын 6, 7, 13, 14-ний бямба, ням гарагт хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх боломжтой. Авлигатай тэмцэх газрын албан хаагчид амралтын өдрүүдэд мөн ажиллана.