Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХYII жарны гал бичин жилийн босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ. Уяачдын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд гардуулан өгөв.
Монгол Улсын Тод манлай уяач цолоор Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул П.Мэндбаяр, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул С.Төмөр-Очир, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Н.Даш-Өлзий, Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Д.Хишигжаргал, Төв аймгийн Баянцогт сумын уугуул Д.Одгэрэл нарыг,
Монгол Улсын Манлай уяач цолоор Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул С.Лувсанбалдан, Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул Д.Цэнд-Аюуш, Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Д.Баяраа, Ховд аймгийн Дарви сумын уугуул Т.Батцоож, Төв аймгийн Баян сумын уугуул Х.Цогтсайхан, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Г.Доржпүрэв, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Б.Энхболд, Завхан аймгийн Сантмаргаз сумын уугуул Б.Баасанжав нарыг,
Монгол Улсын Алдарт уяач цолоор Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул А.Отгонбаяр, Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул Ц.Амарсайхан, Ховд аймгийн Дарви сумын уугуул Ү.Атарсайхан, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул Х.Бадамсүрэн, Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул Х.Барсүрэн, Ховд аймгийн Дөргөн сумын уугуул Н.Батбаяр, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Т.Болдбаатар, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Б.Бүрэнтөр, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Б.Ганбат, Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Н.Дарамренчин, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Т.Ихбаяр, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Р.Мягмардорж, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул С.Эрдэнэбат, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Ө.Пүрэвбаатар, Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул П.Одонбаатар нарыг тус тус шагнав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уяачдад цол гардуулсны дараа хэлсэн үгэндээ “Буян хишгээ хайрласан хонин жилээ үдэж, ээл ивээлээ дэлгэх гал бичин жилээ угтах өлзийтэй сайн цаг дор өвгөдөөс өвлөсөн монгол уяачийн эрдэм, молор эрдэнэ адууны хиймориор түмэн олноо баясгасан хүндэт уяачид Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн бүхнийг хүсэн ерөөе.
Монголчуудын бүтээсэн нүүдлийн соёлын цөмд монгол морь цагийн цагт оршиж, золбоо хийморийн бэлгэдэл болон мөнхөрсөн билээ. Монгол эрчүүдийн эрдэм ухаан, ирт сэлмийн дохил, Монгол морьдын эр шандас, эрэмгий давхил алдар суу, бахархах түүх, бүтээх хүчийг бий болгосон. Гурван цагийн хэлхээнд үл алдрах их түүхийн алтан цулбуурыг морь уях эрдмээрээ өвлөж, монгол бахархлаа дархлан яваа хүмүүс бол уяачид, манай малчин түмэн билээ.
Та бүхний аргамаг хүлгийн уяа тэгширч, өнгө гийсэн наадам наадмын амжилтыг үнэлж, Улсын цол хүртээлээ. Ажнай хүлгийг тань унаж хурдлуулсан хүүхдүүд, гэр бүлийнхэнд тань баяр хүргэе.
Уяачийн эрдэм төгс, морины хүүхдийн золбоо төгөлдөр байж, монгол түмнээ түм буман жил баясган, адууны хийморь үргэлж өөдөө байг ээ. Монгол газар шороонд морины туурайн мөр үүрд оршиг ээ.
Морины соёлыг ертөнцөд гайхуулсан Монгол уяачдын алдар суу мөнхөд мандаг ээ.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэлээ.
president.mn