Монголын арилжааны томоохон банкууд болох “Анод”, “Зоос”, ‘’Хадгаламж банк’’ 2005, 2006, 2013 онуудад ээлж дараалан дампуурлаа зарлаж, Хадгаламж банк Төрийн банк нэрд хувилж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болсон. “Анод” банкны хувьд 1200 гаруй хадгаламж болон хувьцаа эзэмшигчээ хохироосон ч маргаан эцэслэн шийдэгдээгүй шүүхийн шатандаа яваа юм. Дампуурлаа зарласнаас хойш 7-8 жилийн хугацаа өнгөрсөн ч асуудал нь нэг мөр шийдээгүй атал дахин араас нь манай улсын өмнөө барьдаг томоохон арилжааны банкны нэг болох “Голомт” банкыг дараагийн дампуурах банкны нэгд тооцож эхлэв. Энэ оны 5 дугаар сард тус банктай холбоотой дэгдсэн дажингийн үеэр “Голомт” банкны үүсгэн байгуулагч бөгөөд хувьцаа эзэмшигч Л.Болдын өмгөөлөгч З.Сүхбаатар Монголбанкны Ерөнхийлөгчид хандан хүргүүлсэн мэдэгдэлдээ “Банкны тухай хуулийн 43 дугаар зүйлийн заалтыг удирдлага болгон “Голомт” банкиндаа нэгдсэн шалгалт оруулах, улмаар мөн хуулийн 46 дугаар зүйлд заасан “банкны гүйцэтгэх удирдлагыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, чөлөөлөх“ зэрэг холбогдох албадлагын арга хэмжээ авах асуудлыг банкны үүсгэн байгуулагчийн зүгээс Монголбанкинд хандаж байсан. Банкны 80 гаруй хувийг эзэмшигч, үүсгэн байгуулагч Лу.Болдын зүгээс өөрийн банкиндаа хяналт шалгалт оруулах хүсэлтийг төв банкинд явуулсан нь түүнийг эрүүл эсэхэд эргэлзэх хүмүүс ч байсан.
Түүнчлэн Л.Болдын өмгөөлөгч мэдэгдэлдээ “Банкны тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар, банк, түүний толгой болон хараат, охин компаниуд санхүүгийн тайлангаа аудитын байгууллагаар баталгаажуулж, Монголбанкинд хүргүүлэх ёстой. Гэтэл “Голомт” банкны гүйцэтгэх удирдлага, тухайлбал, тодорхой ажил хариуцсан дэд захирал, газар, албадын дарга нар аудиторын шаардсан баримт, материалыг гаргаж өгөхөөс татгалзах, нуун дарагдуулсан зэргээс болж тус банкинд аудит хийсэн “Эрнст энд Янг” олон улсын аудитын байгууллага “Дүгнэлт гарахаас татгалзсан” хариу өгсөн байна. Улмаар тус банк одоог хүртэл 2012 оныхоо тайланг аудитаар оруулаагүй байгаа бөгөөд хуулиар тогтоогдсон хугацаанаас өнөөдрийн байдлаар 2 сараар хоцруулаад байна” хэмээн маш ноцтой мэдээллийг хариуцлагтайгаар мэдэгдсэн нь “Голомт” банк ганхахад хүрч болзошгүй гэж ажиглагчид хэлж байв. Лу.Болдын өмгөөлөгчийн мэдэгдэлдээ дурьдаснаар тус банк 2012 оныхоо тайланг аудитаар оруулаагүй байгаа нь санхүүгийн хувьд доголдолтой, банкны үйл ажиллагаанд зөрчилдөөн байхыг үгүйсгэхгүй юм.
“Голомт” банкны одоогийн гүйцэтгэх удирдлагын зарим хүмүүст ТУЗ болон хувьцаа эзэмшигчид итгэлгүй байгаа ба тэднийг өөрийн банкиндаа хууль бус халдлага хийх, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх, ашиг сонирхол, эд хөрөнгийг хамгаалах, гарч болзошгүй ноцтой хор хохирол учруулж болзошгүй гэж хардаж байсан.
“Голомт” банкны удирдлага хоорондын зөрчилдөөн нь банкны ирээдүйд муугаар нөлөөлөх, санхүүгийн чадамжид нөлөөлж болзошгүй гэж мэргэжлийн хүрээнийхэн ярьж байсан. Улмаар энэхүү зөрчилдөөн банкны үйл ажиллагаанд нөлөөлөхгүй, банк дампуурахгүй гэсэн баталгаа биш гэдгийг мэргэжилтнүүд онцолж байсан юм. Тэгэхээр “Голомт” банкны удирдлагуудын хооронд зөрчилдөөн үүссэн нь банкны цаашдын ирээдүйд муугаар нөлөөлж, улмаар дампуурахгүй гэх баталгаа алга байгаа юм. Голомт банкыг дампуурч магадгүй гэсэн чимэггүй мэдээ зуны халуун өдрүүдэд чих дэлсэх болов.
эх сурвалж: аравт.мн