Монголчууд ирж буй жилийнхээ цээрийг арилгахаар засал номоо шинийн 15-ны дотор хийлгэдэг. Ингэж засал номоо хийлгэснээр буян арав дахин дэлгэрдэг хэмээн бурхны шашны сургаалд итгэдэг. Тиймээс Бурхан шашны хүрээ хийдүүд шинийн 15-ныг дуустал хурал ном хурж хурсан олон даган баясдаг. Гэтэл олныг баясгасан тэр хурлаас гадна онцгойлон хурах хурал гэж бас бий. Тухайлбал, Энэ сарын 21-ний өдөр буюу Шинийн 14-нд Зая гэгээн өөрийн биеэр “АСА” циркт морилж сүсэгтэн олондоо адис өгч, номын айлдвар хийх юм.
Энэхүү айлдварын үеэр “Гүшог дацан”-гийн лам хуваргууд жилийн засал хурж, буян хишгийн даллага хийж, Зая гэгээний равнайлсан рашаан, утлага, арвай тэргүүтнийг тараах юм байна. Мөн түүнчлэн урлаг соёлын алдартнууд ирж сүсэгтэн олонд ая дууны мэндчилгээ дэвшүүлэх ажээ.
Тус арга хэмжээний талаар Зая гэгээний гүшиг дацангын тамгийн лам А.Мөнгөншагайтай ярилцлаа.
-Манай уншигчидад Зая гэгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-1972 оны 1 сарын 18 -нд Архангай аймгийн Цэцэрлэг хотын төвд аав Самбуу, ээж Цэрэнлхам нарын отгон хүү болон мэндэлсэн. Хувилгааныг тодруулахаар 1989 онд Далай багшид айлтгал өргөж Архангай аймагт төрсөн 1600 хүүхдээс шалган, 1999 онд Зая гэгээний XV хувилгаан мөн хэмээн эндүүрэлгүй тодруулж байсан. Хувилгаан тодорсон цагаасаа номонд хичээж нутгийн гавж Ц.Отгонбаяраар төвд үсэг заалгасан. Мөн Энэтхэгт очиж суралцаж байгаад Монголдоо ирж 2006 онд Улаанбаатар хотноо Гүшог дацанг байгуулан өөрийн шавь нарын хамт хурал номоо хурж байгаа.
-Шинийн 14-нд АСА циркэд болох номын айлдварын онцлог юу вэ?
-Зая гэгээнтэнтэй өөрийн биеэр уулзаж мөргөж, адис авах хүсэлтээ сүсэгтэн олон маш их байдаг. Гэвч манай гэгээнтэнд бүх хүнтэй уулзах зав байхгүй. Тиймээс бид 2013 оноос хойш Зая гэгээнтний номын айлдар, жилийн засал гэдэг арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Энэ сарын 21 буюу шинийн 14-нд АСА циркэд ирсэн хүн бүхэн Зая гэгээнтэнтэй уулзаж, адис авах боломжтой гэдгээрээ онцлогтой юм. Мөн манай “Гүшог дацан”-гийн лам хуваргууд жилийн засал хурж, буян хишгийн даллага хийж, Зая гэгээний равнайлсан рашаан, утлага, арвай тэргүүтнийг тараана. Манай арга хэмжээ 16.00 цагаас эхэлнэ гэж тасалбар дээр бичигдсэн байгаа гэхдээ бид 14.00 цаг гэхэд Зая гэгээнтэн өөрөө морилж очоод сүсэгтэн олондоо адис өгч эхэлнэ. Тиймээс эрт очих боломжтой хүмүүс нь эрт очоод гэгээнтэнтэй уулзаж, золгоод адис авах боломжтой.
-Тасалбарын үнэ хэд вэ. Хаанаас авах вэ?
-Тасалбарын үнэ 10000 төгрөг. Уг нь бид үнэгүй зохион байгуулж болох байсан. Гэхдээ үнэгүй зохион байгуулахаар маш их хүн ирээд эмх замбараагүй байдал үүсдэг. Тиймээс бид тасалбарын үнийг 10000 төгрөг гэж тогтоосон. Өмнөх жилүүдэд болсон арга хэмжээнд Архангай аймгийнхан маш их ирдэг байсан. Энэ жил ч бас тэгэх байх гэж бодож байна. Учир нь манай Зая гэгээнтэн Архангай аймгаас тодорсон.
-Яагаад шинийн 15-наас өмнө шинэ оны засал номоо хийлгэх ёстой байдаг вэ?
–Бурхан багш 2500 жилийн өмнө хүн төрөлхтнийг зовлонгоос гэтэлгэх, зовлонгийн үндэс шалтгааныг олохын тулд зургаан жилийн турш даяан хийн бясалгаж гэгээрлийн хутгийг олсон гэдэг. Бурхны номыг ёсоор нь бүтээвэл энэ болон хойт насны санасан хэрэг сэтгэлчлэн бүтдэг нигууртай хэмээдэг. Монголчууд бид бурхны ном сургаалд сүсэглэх, түүнийг гэр орондоо залж хүндлэн тахих, маани мэгзэм тэргүүтнийг унших, хурал номын газар ном айлдуулж буян хурааж ирсэн эртний заншил, дэг жаягтай ард түмэн. Жилийнхээ засал цээрийг шинийн 15-ны дотор хийвээс ашид буян арвантаа арвижин дэлгэрдэг жамтай гэж бурхны номд үздэг.
Тиймээс манай Зая гэгээний гүшог дацангийн лам нар сүсэгтэн олны хүсэлт захиалгын дагуу өдөр бүр ном айлтгадаг бөгөөд шинийн нэгнээс 15-ны хооронд “Их ерөөл” хурж байгаа юм байна.
Т.Гэрэл
эх сурвалж: zaluu.com